Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Тамирчдын баярын өдөр”


Densmaa 2018-06-28 09:06

Монгол улс 1964 оноос эхлэн зуны 12 удаагийн олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан.

   1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертений санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон тэмдэглэдэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гарсан байдаг. Тиймээс орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Тэгвэл 1968 онд Мексик улсын Мехико хотноо болсон олимпоос Монгол улс анхныхаа медалийг авсан түүхтэй билээ.

  Монгол улс 1964 оноос эхлэн зуны 12 удаагийн олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан. 1964 онд Японы Токио хотноо  болсон олимпид нийт 93 улсын 5151 тамирчин оролцож байсан юм. Манай улс энэ наадамд спортын таван төрөлд нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон түүхтэй.  Цаашлаад  1968 онд 16 тамирчин Мехиког зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт байранд хоёр тамирчин орсон.  Нийт 112 орон оролцсон  энэ олимпоос Монгол Улс 27 дугаар байранд орж ийнхүү манай улс медалийн буухиагаа эхлүүлсэн юм. Энэ амжилтаас өмнө дэлхий нийт монгол улсын эзэн богд Чингис хаанаар сайн мэддэг байсан гэж үздэг. Харин 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр 4 медаль хүртэхэд “Чингис хааны бөхчүүд дэлхийн дэвжээг өм цөм гишгэлэн орж ирлээ” хэмээх гарчигтай нийтлэл олимпийн сонины тэргүүн нүүрт  гарч байсан түүхтэй.

   Монголын баг тамирчид Олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөлд түлхүү амжилт үзүүлдэг. Гэсэн хэдий ч 2008 он хүртэл Монгол улс Олимпийн наадмаас аваргын алтан медаль хараахан хүртэж чадаагүй байсан юм. Харин 2008 оны Бээжингийн олимпоос жүдо бөхийн -100кг-ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртэж анхны алтан медалийн буухиа эхэлсэн түүхтэй. Улмаар уг наадмаас 25м-н спорт гар бууны төрөлд спортын мастер Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль, боксын төрөлд Энхбатын Бадар-Ууган алтан медаль, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж манай улс анхны хос алтан медалиа авсан түүхтэй. Ийнхүү зуны олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш Монголын баг тамирчид 4 төрлөөс 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль аваад байна.

   Энэ ч утгаараа Монголын ард түмэн, тамирчид Олон улсын олимпийн өдрийг “Тамирчдын баярын өдөр” хэмээн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн “Тамирчдын өдөр”-ийн арга хэмжээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчид оролцлоо. Тухайлбал, ахмад тамирчдын төлөөлөл болох Монголд 1968 онд анхны олимпийн наадмын хүрэл медалийг авчирсан ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав хүрэлцэн ирсэн бол залуу үеийн төлөөллөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирж, шинэ залуу тамирчдад урам зориг өгч байлаа.

   Энэ жил Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой давхар тохиож байна. Энэ оны эхний хагаст гэхэд Монгол улс 32 орны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 97 медаль авснаас 27 алт, 21 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай явж байна. Мөн Пёнчаны өвлийн олимп, паралимпийн наадмаас Монгол улсын гурван тамирчин эрх авч, амжилттай оролцсон. Удахгүй Индонез улсын Жакарта хотод болох Азийн зуны спортын наадамд 20 гаруй төрлөөр 400 гаруй баг, тамирчид оролцох бэлтгэл ажлаа хангаж байна гэж Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ярьж байна.

   Энэ зун Жакарта 2018 Азийн наадам болно. Намар 10 сард залуучуудын олимп мөн болно. Тэгээд 2 жилийн дараагаар Токиогийн олимп болно. Энэ наадмуудад манай тамирчид амжилттай бэлтгэж байгаа. Үүнд жаахан сэтгэл зүйн бэлтгэл өгөх, ахмад тамирчид маань залуучууддаа урам хайрлах, сургамж өгүүлэх ийм давхар зорилготой тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

   Монгол оронд уламжлалт спортын төрлүүдээс гадна хөл бөмбөг, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг олон спорт хөгжиж байна. Монголын Үндэсний Олимпийн хороо нь Монгол улсад спортыг хөгжүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сумо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны монгол Ёкозүна буюу сүмогийн их аварга болсон бол 2007 онд Хакүхо хоёр дахь, 2012 онд Харүмафүжи гуравдахь, 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ. Энэ ч утгаараа Монголын баг тамирчид амжилт бүтээлээр дүүрэн байж эх орныхоо нэрийг өндөрт гарган “Токио 2020” олимпод өндөр амжилт үзүүлж ард түмнээ баярлуулана гэдэгт итгэлтэй байна.

Үзсэн: 2202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна