Улсын хил хязгаарыг батлан хамгаалагч “Монгол удам-Захчин түмэн" сурвалжилсан тэмдэглэл
“Эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч, улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалагч Зүүн гарын хаант улсын харъяа Захчин ардууд болой” хэмээжээ.
Судалгааны материалууд болон овог элкэний нэр зэргээс харахад захчины угсаа гарвал Алунгоо хатны төрүүлж өсгөсөн Бэгэнүгүдэйн үр хойчис буюу Бүгүнүд, Харчин, Мухлайнхан овог элкэнээс гаралтай хэсэг бөгөөд Өрлөг жанжин Зэлэм, Мухлайн харьяаны ардууд билээ. Их Монгол улсын үед болон түүнээс өмнө үед амьдарч асан газар нутаг нь XIII-XIV-р зууны үеийн Их Монгол улсын задарлын үед Баруун болон Халх Монголын хилийн бүс нутаг юм. Оршин суугаа газрын амьдралын нөхцлөөс хамаарч хүн амын тоо эрс цөөрснөөс 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан сэлгэж улсынхаа зүүн өмнөд Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрөнгө гол, Чингэл гол, Булган гол, Цагаан тохой зэрэгт хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч иржээ.
-Захчин хэмээх нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг нь илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан тул тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүсчээ.
-XYIII зууны эхэн үед захчингууд Зүүнгарын хаант улсаас Хиргис, Дундад азийн Хотон, Уйгар угсааны зарим улс, Халхтай савладаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрүнгэ, Булган, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байв. Тэд улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж улсад ангийн махаар алба өргөдөг байв. Бас Зүүнгарын хаант улсын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулж нэг жил өнжөөд мал нийлүүлэхийн сацуу Зүүн гарын хаант улс цэрэг хөдөлгөн дайтах, Төвд зэрэг харь улсад элч төлөөлөгч илгээх үед захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан гэдэг.
-Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж явсан байна. Тэднийг Зайлганы газар түр суулгаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулс зэрэг газар нутаглуулжээ. Улмаар 1759 онд тэдэнд нутаг олгож Байтаг, Хавтаг хавьд нутаглуулсан байна. Гэвч удалгүй газрын ойрыг харгалзаж, 1777 оноос Захчиныг Ховдын манж сайдын мэдэлд захируулсан байна.
-1777 онд гүн Жамцан нас барсан бөгөөд 1778 онд Захчинаас Мамудын язгуурын албат 30 гаруй өрхийг таслан хондого сум зохион, Жамцаны хүү Мэндэшид захируулж эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Энэ үеэс захчин нь гүнгийн хошуу, бүгдийн даргын хошуу хэмээх хоёр хошуутай болжээ.
-1801 онд Ховд хот, Өрөмчийн манж сайд нар зөвлөлдөөд Ховд, Гүйчэн хотын хооронд тавьсан, суурь өртөөний албыг гүйцэтгэж байсан халхын ардуудыг татан буулгаж нутагт нь буцаагаад, оронд нь захчинаас 80 өрх цэрэг гарган өртөөний албыг хаалгасан нь манжийн дарангуйллын туршид үргэлжилжээ. Их Монгол Улсын сүүлчийн гал голомтыг сахин хамгаалах, сэргийлэн манах, хатгалдан тэмцэлдэхэд Захчин ардуудын байгуулсан гавъяа ихийн хэрээр харийн түрэмгийлэгчдийн хөлд хамгийн ихээр сүйрсэн ардууд бол Захчид юм гэж түүхнээ мөн тэмдэглэн үлдээжээ.
...Мандах нарыг угтаж сүүн цацлаа өргөдөг
Манрах тэнгэрийн сүлдэнд 7 бурхан сахиустай
Манал майдар бурхантай
Манайх Захчин хошууны айл аа гэж нэгэн найрагч бичжээ.
1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагасны эсэргэн жил буюу 1912 онд монголын засгийн газраас манжийн тогтоосон хуучин засаг захиргааг устгахад захчин хоёр хошуу Дөрвөдийн үнэн зоригт ханы аймагт захирагджээ. Мөн захчины хоёр хошууны ноёдод манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгон бүгдийн даргыг үе залгамжлах хошуу ноён болгож, гүнгийн хэргэм шагнажээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин сэцэн гүнгийн хошуу, урд хошууг захчин бэйлийн хошуу хэмээн нэрийдэх болов.
1925 онд ардын засгийн газрын шийдвэрээр захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвлөсөн Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1931 онд хуучин Захчин бэйлийн хошуугаар Үенч, Захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Мөст, Алтай сумдыг байгуулж Ховд аймагт захируулав. Эл зохион байгуулалт өдгөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд. Түүхийн янз бүрийн донсолгооны улмаас зарим нь хил даван БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд амьдарч байна.
Монгол удамт- Захчин ардуудын түүх ийм буюу...
Захчин түмний бусдаас ялгарах онцлог гэж бий. Аялгууны өвөрмөц шинжтэй, шулуун шударга үгтэй, дайчин хөдөлмөрч, алиа хошин зантай гээд. Энэ онцлог шинжээрээ олон үндэстэн, угсаатны бүлэг суудаг Ховд нутагтаа ялгардаг.
Энэ талаар Захчин угсаатны бүлгийн судлаач Дансал ийн ярьж байна.
Дансал: Захчин угсаатны бүлэг бусад угсаатнаасаа гурван шинжээрээ ялгардаг Нэгдүгээрт: Захчид овогыг “Элхэн” гэж нэрлэдэг. Энэ нь элэг нэгтэй ахан дүүс, нэг эхээс үүсэн ураг төрөл гэсэн үгл дээ. Захчин дотроо 22 элхэнд хуваагдана. Хоёрдугаарт: Адууныхаа тамгаар бусад угсаатнаас ялгардаг. Гуравдугаарт: Малынхаа чихэнд гаргадаг имээрээ ялгардаг юм. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж явсан ахмадуудаараа Захчин түмэн бахархаж байдаг.
Захчин угсаатны бүлгийн өөр бусад угсаатны бүлэгт байдаггүй өвөрмөц нэгэн ёс бий. Энэ нь Захчины “ХЭВТМЭЛ ХӨХ ТҮҮХ СЭРГЭЭХ” ариун ёс юм. Захчин хошуунд цагаан сараас өмнө “Хэвтмэл хөх түүх” сэргээх хэмээн нэрлэж ирсэн засаглалын утга агуулгатай нэгэн ёслол болдог уламжлалтай. Билгийн тооллын өвлийн сүүл сарын 15-ны өдөр захчин хошууны ноёд цугларч хошуу тамгыг нэг сарын хугацаатайгаар битүүмжилнэ. Эл үед алив нэгэн албан хэрэг авч хэлэлцэх ёс байдаггүй байжээ. Хошуу тамгыг ийнхүү битүүмжилсэний дараа нэг сарын хугацаатай “Хэвтмэл хөх түүх” буюу “данс” нээдэг.Түүндээ өнгөрч буй жилд цаг агаар , цас бороо, ган гачиг хир байсан, ард түмний аж амьдралд ямар онцлог үйл явдал тохиов, өвчин зовлон хир байв, мал ахуй хир өсөв, хошуу тамга, жасын орлого, зарлага, ажил байдал ямар байсан, үүссэн зарга заальхай түүнийг хэрхэн шийдсэнийг дэлгэрэнгүй тэмдэглэдэг байжээ, Хошууны хэвтмэл хөх түүхийг Төгрөгийн хүрээний жасын мэдэлд хадгалдаг байжээ. Захчины энэ “хэвтмэл хөх түүх” нь хэмжээний хувьд эмээлийн бага шиг тохмын дайтай дэвтэр байсан гэдэг. Энэ дэвтрийг хөх өнгийн даавуугаар гадарлаж хавтас хийгээд жасын мэдэлд шилжүүлдэг бөгөөд өмнөх жилийн түүх, дансны нэг хувийг дөрвөдийн төгс далай хааны жасад хүргүүлдэг байв. Хэрвээ ямар нэгэн зарга, алдаа мадаг гарсан тохиолдолд далай хааны эхтэй тулгаж шалгадаг байжээ. Ийнхүү цагийн түүхээ Захчин хоёр хошуу тус тусдаа сэргээсний дараа тамга нээх ёслол болох ба энэ үед ноёдын цалин, пүнлүү нэмэх, зэрэг дэв ахиулах, хөхүүлэн шагнах зэрэг ажил явуулдаг байжээ.
Дансал: Захчин түмэн эрт цагаас нааш гэр бүлээрээ эх орныхоо хилийг манаж явсан болоод ч тэрүү сонор соргог, аливаа зүйлд түргэн шуурхай ханддаг. Эр хүн, гэрийн эзэгтэй болоод үр хүүхдүүдийн гүйцэтгэх үүрэг маш тодорхой. Түүнийгээ цаг хугацаанд нь ягштал гүйцэтгэдэг тэр уламжлал нь өнөө ч тасраагүй байна. Цаг хугацааг нарийн баримтлана. Босож суух нь хүртэл түргэн. Энэ нь цэрэг хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чанар шүү дээ. Нүүдэлчин цэргийн овжин тактик, шийдвэр гаргах нь хурдан байх тэр зан чанар Захчин хүний мах цусанд нь хүртэл шингэсэн байдаг юм. Тэд зарга тэмцэл хийх нь энүүхэнд. Зарга тэмцэлдээ ялж, дийлж байж санаа нь амарна. Тэмцэж буй үйл хэрэг нь ихэнхдээ тэдний зөв байдаг нь алсыг харж чаддаг гэсэн үг юм.
Захчин ардууд алиа хошин зантай, дуу хууранд дуртай, дуулах дуугаа өөрсдөө зохиогоод дуулдаг авьяас билгээрээ мөн Ховд нутагтаа алдартай. Төгрөгийн хар үзүүр, Хэдэн гялаан хой, Болзоо, Тооройн цагаан элс зэрэг олон арван дуугаар Монголын ард түмнийхээ соёлын санг аривжуулжээ.
Ер нь Ойрад Монголын ард иргэд ургаа “Элкэн” хэмээнэ. Тухайлбал миний бие л гэхэд Аргаль уриатай, гулз тамгатай, Алтай элкэний цагаан ясны хүн билээ гэж Захчин угсаатаны бүлгийн судлаач, зохиолч Дагвын Жүгдэрбарам ярьж байна. Захчин угсаатны бүлгийн зан заншил Захчины ураг төрлийн тогтолцооны хүрээнд, өнөө үе хүртэл эцгийн ясан төрлөөр угсаа залгах элкэн, хариас ураглах 2 ёсыг хатуу сахиж ирсэн. Тэд бас садан төрлөө малын тамгаар нь танин, имээр ялгадаг уламжлалтай. Энэ нь Захчины овгийг бусдаас ялгах, тодруулж нээх нэгэн эх сурвалж болдог.
Тухайлбал: Өөлдүүд гал тамгатай, ганзага имтэй, Алтайн Урианхайчууд нуман тамга хэргэлдэг бол, Захчингууд дэгрээ тамга, дөрвөдүүд саран тамгаараа бусдаас ялгардаг.
Эх орныхоо баруун хязгаарт төвлөрөн суух Захчин түмний заяа өөдрөг өө.
... Өдийд Захчин өвгөдийн зэллэн суусан наадмын цэнхэр асар уулсын салхинд дэрвэлзээд бүүр эртийн хөх түүхийг санагдуулан байгаа. Хүлэг морьдын туурайн чимээ хад чулууг хөдөлгөөд хүүхдийн гийнгоолох цагаан дуу нь тэнгэрийн хээлэнд эргэлдээ дээ.
...Би чимээгүй тэнгэр өөд саравчилна. Тэнд хөх морьтой тэнгэрийн хөх өвгөд, хөх салхинд нь хөх морьдоо уралдуулж ирээд хөлс юугийн хусмуй. Тэнгэрийн тэр хөх асарт “Хэвтмэл хөх судар”-аа дэлгэсэн хөх, хөх тэнгэрийн өвгөд, хөх хөх уулсаа жийж хөндий тал руу нь саравчилан байгаа.
Хаа эртийн тэр хөх өвгөд, хааяа нэг цээжээ хөдөлгөцгөөгөөд Захчин дайчид бид “зарганд үгээ алддагүй, дайнд тугаа алддагүй” гэж ханхалзаж байгаа.
...Зуны сайхан дэлгэр цагаар зуслангийн дэнж хотойлгоод Захчин түмний их цэнгэл Монгол наадам эхэлвэй...
Үзсэн: 2471
Tweet