Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Алтан-Овоо мину”


Densmaa 2018-06-21 02:06

Энэ жил Алтан Дарь Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 105 жилийн ой тохиож байна.

   Монголчууд уул усаа шүтэж ирсэн ард түмэн. Эртнээс тайж ирсэн алдарт уулс нь Хан Хэнтий, Богд хан, Отгонтэнгэр юм. Ялангуяа Чингис хааны үеэс онголон дархалж, тайж ирсэн Хан Хэнтий уул нь Монголоор үл барам дэлхийн ууган дархан сүлдэт уулын нэг.  

Энэ жил Алтан Дарь Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 105 жилийн ой тохиож байна. Алтан Дарь Овоо Хайрхны төрийн тахилгын их  ёслол 07-р сарын 27-29 –ны өдрүүдэд болно. Та бүхэн тал нутгийн шүтээн Алтан Дарь Овоонд зориулан бэлтгэсэн “Алтан-Овоо мину”  радио нийтлэл хүлээн авч сонсоно уу.  

Зүйрлэш үгүй гайхамшигтай

Зүгээр орхиж боломгүй үзэсгэлэнт

Зүүн хязгаарыг сахин хамгаалагч

Зүүднээс гардаггүй зүрхэнд уяатай

                   Алтан дарь овоо минь

 Эцэг өвгөдөөс тахиж шүтсэн

Энэрэх хайрлахын шүтээн болсон

Эрч хүчтэй энхийг сахиулагч

Энгүй олон амьтан бүгдийг аварч өршөө

                   Алтан дарь овоо минь...

Байгалийн өвөрмөц тогтоц, хонгортсон тал, нуур ус, зээр гөрөөсийн идээшиж дассан үзэсгэлэнт газар, нүүдлийн соёл иргэншлийн арвин баялаг түүхийн өлгий нутагт Алтан Овоо оршино.

Далайн төвшнөөс дээш нэг мянга гурван зуун метрийн өндөрт өргөгдсөн тал нутгийн эгэл намхан энэ уулын оюуны дээдэд орших өндөр нь гучин гурван тэнгэрийн оронд хурмастын сүмбэр уултай зэрэгцьюү.

Монголын уул усны олон зуун тахилгын судрыг цуглуулж судлан шинжилсэн доктор О.Сүхбаатар бичихдээ: “Монголчууд эртнээс газар усаа шинжин ирсэн уламжлалын дагуу Алтан-Овоогоо харагдах шинж байдлаар нь нар жаргах үед зүүн урдаас нь харахад баруун хойт зүг рүү мөлхөж яваа яст мэлхий хэлбэртэй, баруун хойноос нь Өргөөгийн ширээ дээрээс харахад дэлээ хийсгэн давхиж яваа азарга шиг, баруун өмнөөс нь ажихад хэвтэж байгаа арслангийн дүртэй гэж нутгийнхан хэлэлцсээр иржээ гээд Дарьганга нутгийнхан өглөө бүр цай сүүнийхээ дээжээ өргөхдөө “Алтан овоо минь” гэж сүслэн залбирдаг нь хэвшсэн заншил болно. Ийнхүү Алтан Овоо өтгөс нялхсын амны уншлага болсон нь Жанрайсэгийн зүрхэн тарнитай утга дүйх юм гэжээ.

Алтан-Овоо минь! хэмээх сүслэн залбирах үг нь тарни болж, адислагдан эрчимжсэн нь үнэн билээ. Энэ тухай нутгийн ахмад сэхээтний нэг МУ-ын гавъяат багш Самдангийн Лувсанноров “Дарьгангачууд зовлон зүдгүүрээс хагацах эрэл хийж зөвхөн тэнгэр бурханд мөргөх зорилгоор энэ овоог тахиж шүтдэг гэвэл мөхөс болно. Өгөөж буяных нь ундрага болсон төрсөн нутгаа хайрлах зон олныхоо хиргүй сэтгэлийн баталгааг илэрхийлж энэхүү овоог босгож тахих нь бүх сайн үйл бэх бат, ариун цагаан байлгах зорилгоор “Батцагаан” нэрт суварга босгож өмнөх үеийнхээ шилдэг өв уламжлалаар хойч үеэ хүмүүжүүлэх ухаалаг аргыг аль эрт бодож олжээ гэвэл зохино” гэж хэлсэн юм. 

Алтан-Овоо минь Даригангын талд дүнхийн байдаг хайрхан. Эзэн нь төгс гэгээрч бурхны хутгийг олсон гурван мэлмийтэй, ширвээ сахалтай, ширүүн дүртэй ган илдтэй, цагаан саарал зүсмийн ажнай хүлэгтэй бурхан оршдог ажээ.

Эрт дээр үед Жагарын оронд ном сурахаар монгол залуус оддог байжээ. Тэр үед Дарьгангаас ч баньд нар явж байв. Тэр орны дацан номын хурлын дэг жаягаар хурал ном эхлэх цагаас хожимдсон баньд нарыг хатуу шийтгэдэг байжээ. Нэг удаа манай Дарьгангын нэг банди, хурлаас хожимдоод ороход нь гэсгүй хүрээд иржээ. За би өнгөрчээ гээд "Алтан овоогоо сэтгэлдээ дуудаж гүн сүсгээр залбирч суусан" гэнэ. Гэсгүй ч төмөр бэрээгээ далайж, далайж буулгасангүй яваад өгчээ. Лам хуваргууд урьд ийм явдал тохиолдож байгаагүй тул ихэд гайхаж. Хамба лам гэсгүйг дуудан учрыг лавлавал: Цагаан саарал хүлэгтэй, гурван мэлмийтэй, ширвээ сахалтай, баатар эр далайсан илдээ суга руу сүлбэх гээд болсонгүй" гэжээ. Ингээд тэр баньдийн амь аврагдсан юм гэнэ лээ. "Миний хүү Алтан овоондоо сайн сүжиглэж яваарай... Эзэн нь ид шидтэй бурхан юм болохоор хаа ч явсан илт тусыг үзүүлдэг юм гэнэ лээ шүү " гэж нутаг усныхан үр хүүхэддээ захидаг билээ.

Монголчууд төрийн их тахилгат арван уултай. Уул бүхэн нь өөрийн гэсэн бурхан сахиус, лус савдагтай. Тухайлбал, Хэнтий ханыг Намсрай бурхны орон, Отгонтэнгэрийг Очирваанын орон, Хөгнө ханыг Улаан сахиусны орон гэдэг бол Алтан-Овоо нь Цагаан дарь эхийн бүрэлваатай, Цагаан хүлэг морьтой ажээ. Энэ тухай “Чингис хаан” одонт МУСГЗ яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Мэнд-Ооёо: Дарьгангын Алтан овооны тахилгын судар гэж бий. Тэр сударт Дарьгангын Алтан овооны сүлд нь цагаан саарал хүлэг морь хөлөглөсөн баатрын дүртэй. Бурхан шашны судруудад Алтан овооны шүтээнийг тэнгэр нартай адил бүтээдэг. Алтан овооны эзэн сахиус нь 33 тэнгэрийн оронд залардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Алтан овооны дээд оройд тэнгэр залардаг, ер нь бол тэнгэрийн шүтээн гэж үзэж болно. Энэ уламжлалыг хүндэтгэж Дарьгангачууд Алтан овоог тахихдаа, тийм цагаан саарал хүлэг морь сэтэрлэдэг, өөрөөр хэлбэл Алтан овооны эзнийх нь хүлэг юм. Тэхээр Алтан Овоог тийм сайхан цагаан саарал хүлэг морьтой, нутгийнхаа хүмүүсийг дагаж явдаг. 1945 онд урагшаагаа Монголын их цэрэг Алтан овооны хажуу сугаар гараад Молцог элсийг гатлаад урагшаа гарахад Алтан овооны хүлэг Дуут нууранд ундаалаад их цэргийг дагаад явсан байна. Ингээд дайн дууссаны дараагаар их цэрэг эргэж ирэхэд нуруу нь авагдсан, турсан тийм цагаан саарал морь Дуут нууранд ирж ундаалаад байж байсан гэж тэр үеийн цэрэг эрчүүд ярьдаг. Түүнээс гадна Дарьгангын Алтан овоо бол хэн намайг шүтэж чадна түүнийг хүссэн газар нь хүргэнэ гэсэн тангарагтай.

Төрийн тахилгын уламжлал нь ард нийтээрээ шүтдэг хүндэтгэдэг уул хайрхныг тухайн нутаг, улс орны билэгдэл болгож шүтдэг. Үүний цаана нутаг усаа хайрлах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэн төвлөрүүлэх, байгаль эх дэлхийгээ аргадах, дээшээ тэнгэртэй, дэргэд байгаа лустай, байгаль дэлхий уул усны эзэдтэйгээ зүй зохистой харьцаж амьдрах ийм л утга агуулгыг илэрхийлдэг. Тэхээр Дарьгангын Алтан овоо бол орой дээр нь тэнгэр заларч байдаг ийм л их уулсын нэг.

Алтан Овоог тойрсон бараа, бараагаа харсан олон уул тодгод түүний хатан, дагуул нөхөд, баатар жанжин ах дүү, үр хүүхэд ажээ.

Богд Алтан дарь овоо нь Ганган цагаан хатантай, Хонгор хүүтэй, Дөш охинтой, Лүн хайрхан, Молцог хэмээх шадар дагуул нөхөдтэй, Шилийн Богд, Баяндулаан хоёр баатар жанжинтай, Дөхөмийн Баян, Зотол хаан хэмээх хоёр дүүтэй гэнэ.

Ганган цагаан нууранд монголын хамгийн олон хун чуулдаг. Энэ тухай Дорнын нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан "Ганга нуураас явсан хүн насандаа заавал ирдэг, Ганга нуураас ниссэн хун намартаа заавал цуглардаг" гэжээ. Нуурын хажуухантай байх зундаа цэв хүйтэн, өвөлдөө бү­лээ­хэн байдаг Оргихын бул­гийн рашаанаас амсаад нэг үзээрэй. Чанга хашгирах тусам улам оргилон, булгийн ус ихэсдэг учраас Оргих хэмээн нэрлэжээ.

Алтан Овооны эргэн тойрон хүн чулуун хөшөө сүндэрлэнэ. Хаан, хатны хөрөг бүхий хүн чулуу байхаас гадна хүү, бэр зэрэг хүн чулууд ч бий. Монгол оронд 500-гаад хүн чулуу байдаг гэсэн тоо баримт байдаг бөгөөд тэдгээрийн олонх нь Сүхбаатар нутагт байна. Эдгээр хөргийг манай археологичид судлаад 13-р зууны үетэй холбож үздэг юм. Тэхээр энэ хөргүүд нь ихсээ тахих, тахилга тайлгатай холбоотой ийм зүйл. Тэр үед Алтан-Овооны өлмий хормойд тайлга тахилга болж байжээ гэж үзэж болно.

Мэнд-Ооёо: Монгол орны байгаль дэлхий уул ус бол сансрын эрчим хүчтэй, гараг оддын солбилцолтой холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл сансар эрхсийн эрчим хүчний төвлөрөлтэй нутаг юм аа гэж Оросын их эрдэмтэн Гумилев хэлжээ. Ер нь бол ортой болов уу гэж боддог. Монголд хүмүүсийн сэтгэлийг татдаг онцгой нутаг ус газар олон бий. Отгонтэнгэр хайрхан, Говийн Данзанравжаа хутагтын Шамбал, Дарьгангын Шилийн Богд, Алтан овоо. Мэдээж эдгээр нь байгалийн онцгой эрчим хүч хуйларсан ийм газар. Тэр доор байгалийн өөрийнх нь их эрчимлэг мандал, баялаг байна. Нөгөөтэйгүүр тэр нутаг усыг  шүтэж олон зуун жил хүмүүс мал маллаж, соёл иргэншлийг бий болгож аж төрж сайн сайхан амьдарч ирсэн байна. Тэр эртний хүмүүсээс эхлээд эдүгээгийн бид нар хүртэл тэр нутаг усаа шүтэж, хайрлаж, өндөрлөг газраа овоо босгож ингэж ирсэн. Хүмүүс нутаг устайгаа, ялангуяа уул овоотойгоо сэтгэл зүрх, оюун санаагаараа холбогдох нь тэр нутаг усанд хадгалагдаж байгаа тэр эрчимлэг долгионтой хүний оюун санааны эрчим хүч нэг хэм хэмнэлд зохилдож удаан жилийн туршид адис увьдас оршино гэж ярьдаг.

Тэхээр Алтан овоо бол олон зуун жилийн хүмүүсийн шүтлэг, өргөл залбирал, тэр мөрөөдсөн хүсэл, Алтан овоо руу замнасан тэр замнал, тойрсон гороо, уул овоо чулуунд нь залбирсан тэр залбирал бол маш их эрчим хүчийг төвлөрүүлсэн байна.

Энд сансрын буюу тэнгэр отгторгуйн эрчим хүч, газрын эрчим татах хүч, хүний оюун санааны эрчим хүч төвлөрсөн ийм одоо сайхан оюунлаг, гэгээлэг мандал хуримтлагдсан нутаг гэж үзэж болно.

Богд дарь овоо минь

Богд эзнээс мэдээтэй

Зуунаас буусан сунтагтай

Зургаанаас буусан цалинтай

Банчин Богдоос лүндэнтэй

Бадамлянхуа цэцэг шиг

Бахтай сайхан нутаг даа

 

Дарь чойжин овоо минь

Хосгүй Дагшин, Дуут булагтай

Холбоо, Ганга нууртай

Ганганасан олон шувуутай

Гайхамшигт сайхан орон доо

 

Дарь Чойжон овоо минь

Түүхт Дарь Гангын өлгий таны

Түмэн өлзий бат орших болтугай ...

 

Алтан-Овоонд зориулсан магтаалыг Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосон түүхтэй. Газар шороо, уул ус нь ахан дүүс болохоор хүн ард нь бүгд садан төрөл мэт эв найртай, амар амгалан, аз жаргалтай аж төрөн суухыг ноён хутагт үр хойч үедээ энэхүү магтаалаараа сануулсан хэрэг билээ.

Жаргал цэнгэлтэй мөч ирэхэд Алтан Овоо минь ивээлээ гэнэ. Гай зовлон тохиоход овоо минь өршөө гэж мөргөнө, залбирна.

Тал нутгийн “Алтан Овоо минь ивээлээ” гэсэн сайхан сэтгэлийн даллага хүн ардын ухаанд шингээстэй бий.

Төрийн тахилгат Алтан Дарь овоо хайрхны гэгээн тэнгэр түмэн олныг минь ивээж, түүхт их улсын минь төрийн мэргэн бодлого, түмний хичээл зүтгэлээр уугуул нутаг усны сав шимийн жам ёс зохилдон, улс Монголын хөгжил дэвшил, ард иргэдийн минь аж амьдрал өөдлөн дэвжих болтугай.

Үзсэн: 3650

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • https://newfasttadalafil.com/ - cheap generic cialis Tyvula <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis 5mg daily use</a> informacion sobre viagra Whbthf https://newfasttadalafil.com/ - Cialis Propecia Teva


  • If your nodes come back negative they ll do an oncotype test which tells them whether you would benefit from chemo <a href=https://bestcialis20mg.com/>tadalafil cialis from india</a> Select One Of The Key Combinations email protected