34 орны мал аж ахуйн төлөөлөгчид таван өдрийн турш амжилттай чуулж, тодорхой шийдэл-дүгнэлтэд хүрлээ
Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, төрийн болон ТББ, холбогдох бусад албаныхан зэрэг 500 гаруй хүмүүс оролцлоо.
“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа болж, дэлхий нийт энэ зүгт таван хоног анхаарлаа хандууллаа.
Энэ удаагийн уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгч, 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.
Уулзалтын үеэр малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн асуудлыг чухалчилж, нэгдсэн байр сууринд хүрсэн юм. Тухайлбал, Малын эрүүл мэнд, тавлаг байдал асуудлын хүрээнд мал эрүүлжүүлэх ажлыг чанартай явуулж, хил дамнан гардаг малын халдварт өвчний дэгдэлтийг бууруулахын тулд хөрш улсуудтайгаа хамтран ажиллах нь зүйтэй гэж даян дэлхийн мал аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд үзлээ. Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, олон төрлийн амин дэмээр баялаг шинэхэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх дадлыг хэвшүүлэхийн тулд олон нийтийг мэдлэг, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна гэлээ. Мал аж ахуйн салбар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс тогтвортой мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүн амын амьжиргаа сайжирч, эдийн засаг өснө гэдэгт олон улсын уулзалтад оролцсон төлөөлөгчид санал нэг байлаа.
Үзсэн: 1157
Tweet