ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ
Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн 8 орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улсад энэ сарын 08-10-нд болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид нэг далбаан дор жагсах болжээ. Уг тэмцээнд оролцохоор Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн 8 орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлсэн байна. Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болж байгаа юм.
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр энэ удаагийн тэмцээнд БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн баг, тамирчид нэг далбаан дор жагсах юм байна. Энэ нь БНАСАУ, БНСУ зуны спортын тэмцээнд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол юм. Тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын Жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа аж. Тэмцээнийг 8 улсын 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулах болжээ.
Үзсэн: 1559
Tweet