ЖОНШНЫ ЭКСПОРТ ХОЁР ДАХИН ӨСЧ, 25 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын жоншны экспорт өнгөрсөн оноос хоёр дахин өсч, 25 сая ам.долларт хүрсэн бөгөөд 42 хувийг БНХАУ-д, 55 хувийг ОХУ-д экспортолжээ.
УУХҮЯ, АМГТГ хамтран “Жонш олборлогчдын уулзалт, хэлэлцүүлэг"-ийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад жонш олборлогч компаниуд, уул уурхайн мэргэжлийн холбоодын 100 орчим төлөөлөл оролцов.
Монгол орны газар нутагт тогтоогдоод байгаа олон төрлийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн дотор хайлуур жонш томоохон байр суурийг эзэлдэг. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна.
АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 3287 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагаас 1643 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа. Үүнээс жоншны 175 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Үзсэн: 1667
Tweet