“Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
“ХААНЫ БОРОО” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БУЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ТАЙЛАНДЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ МАХА ЧАКРИ СИРИНДХОРН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Монголын төлөөлөгчид Тайландын Вант Улсын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхлаа.
Төлөөлөгчдийг Эрхэмсэг гүнжид бараалхах үеэр Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын ерөнхий захирал Сурасри Кидтимонтон “Хааны бороо” төслийн дэвшилт технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулж, Эрхэмсэг гүнж төслийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцны загварыг төлөөлөгчдийн тэргүүнд гардуулав. “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас нь танилцах аяллыг Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны төслийн ажлын албанаас зөвшөөрөл олгосны дагуу Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү танилцах аяллаар манай төлөөлөгчид “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, тус технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр Тайландын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон нь ач холбогдолтой боллоо.
“Хааны бороо” төсөл 1955 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлж, хиймэлээр бороо оруулж, хуурай улиралд ган гачгийн аюулыг бууруулах, угаарыг багасгах, ойн түймрийг унтраах, түүнчлэн борооны улиралд хур борооны оролтыг зохицуулан тэнцвэржүүлэх хийгээд усан сангуудын усны нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлж нөөцлөхөд ихээхэн нэмэртэй байдаг ажээ.
Үзсэн: 1263
Tweet