Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлж ажиллана.
ГХ-НЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг улам сайжруулах, мөн бүс нутгийн хүрээнд талууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцлон тэмдэглээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсонд талархал илэрхийллээ. Дэд сайд Б.Батцэцэг цаашид хоёр улсын харилцааг бүх талаар хөгжүүлэх, ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол брэндийг хөгжүүлэх, мөн иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд БНСУ-тай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлоод Элчин сайдын ажилд өндөр амжилт хүссэн байна.
Үзсэн: 1230
Tweet