Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“МОНГОЛЧУУДЫН ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛ –ЭРТНЭЭС ЭДҮГЭЭ ҮЗЭСГЭЛЭН” НЭЭЛЭЭ


Densmaa 2018-05-15 04:05

Монголчуудын төлбөрийн хэрэгслийн түүхийг үзүүлсэн ховор нандин цугуулгын сан хөмрөг бүхий 1000 гаруй үзмэртэй үзэсгэлэн арван дөрөв хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээлд хүрнэ.

   “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс Эдүгээ” үзэсгэлэн  нээлтээ хийлээ. Монголын эртний улс болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зоос одоогийн байдлаар илрээд байна. Монголын эзэнт гүрний хаад өөрийн нутаг болон эзэлсэн улс, хотын ард иргэдэд зориулан зоосон мөнгийг олон төрлөөр, их хэмжээгээр алт, мөнгө, зэс, хүрэл зэрэг металлаар цутгуулж байсан нь өнөө цагт түүхийн гэрч, үнэт баримт болон үлджээ. Ингэхдээ нутгийн иргэд зоос мөнгөний уламжлалыг даган хэрэглэж дассан хэллэг, шашин шүтлэг, хээ угалзыг өөрчлөлгүй тусган, хааны нэрийг хүндэтгэн өргөсөн нэрийн хамт хааны удмын тамгатай оруулж монгол, араб, түрэг, хятад зэрэг бичгээр дэлдүүлэн гүйлгээнд гаргаж байв. Манжийн эрхшээлд байх үест зарим нэг хот, сүм, хийд орон нутагтаа ашиглах цаасан мөнгийг барлан хэвлэж гүйлгээнд ашигладаг байсан нь өнөө цагт музей болон цуглуулагчдын сан хөмрөгт чухал байр эзэлдэг.

   Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш манай улс өөрийн төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон олон төрлийн зоос, цаасан мөнгө, үнэт цаасыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Мөн орчин цагт Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан зоосыг олон нийт, зоос цуглуулагчдад зориулж хүртээл болгодог уламжлалтай. Монгол Улс зоос, мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгслийн арвин түүхтэй. Нүүдэлчин амьдралын эрхээр маш их баримт, материал устаж үгүй болохын хамт цаасан болон зоосон мөнгө ихээр үрэгдэж алга болсон. Тиймээс эдгээр үнэт дурсгалыг эрэн сурвалжилж, гадаад, дотоодоос эх орондоо олж авчран өв соёлоо хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Монголын зоос судлалын холбооны гишүүн Б.Пүрэвсүрэн 10 гаруй жилийн өмнөөс зоос цуглуулж эхэлсэн бөгөөд 160 гаруй цуглуулгатай. Хамгийн эртнийх нь гэвэл 1925 оны гүйлгээний зоос, хамгийн үнэтэй нь 2007 оны дэлхийн шилдэг мөнгөн зоосоор шалгарсан, сваровский шигтгээтэй “Нохой зээх” дурсгалын мөнгөн зоос цуглуулгад нь багтжээ. "Нохой зээх" зоосны дэлхийн зах зээлийн дундаж ханш нь 4 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг хэмээн ярив. Үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзсэн: 1710

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна