“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ”-ИЙГ 200 ЖИЛИЙН ӨМНӨ ИЛРҮҮЛЖЭЭ
Хөшөөн дээр “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол Улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн байдаг.
“Чингисийн чулууны бичиг”-ийг нээж илрүүлсний 200 жилийн ой Монголын Үндэсний музейд боллоо.
Монголын уран бичлэгийн калиграфаар бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг”. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний хосгүй мэргэн харвасан алдрыг нь дурсгал болгон хөшөөг босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан. Ингэж нэрлэх болсон учир нь, бичээсний тэргүүнд Чингис хааны нэрийг бичсэн байдагтай холбоотой аж.
Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг доороос, бусад үгийг түүний доод төвшнөөс эхлэн бичсэн байдаг. Хөшөөн дээр “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол Улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн байдаг ажээ. Уг түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г.И.Спасский Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар таван мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлснээр олон нийтэд үзүүлэх болжээ. Сонирхуулахад, хөшөөг 1224 он юм уу, 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. Хөшөөний эх хувь нь Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагддаг бол Үндэсний музейд хуулбар нь байдаг.
Үзсэн: 2650
Tweet