“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно
“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг энэ сарын 7-14-ны хооронд анх удаа зохион байгуулана.
Орчин үеийн бүжгийн шилдэг бүтээлийг Монгол үзэгчдэд хүргэх, энэ чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Motion Mongolia” олон улсын бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ тухай Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Габриела Спирли: “Соёл урлаг бол нийгмийн хөгжлийн цөм. Тиймээс соёлоор дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд шинэлэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, энэ салбарыг дэмжих ёстой” гэж наадмыг хамтран зохион байгуулж буй тухайгаа сонирхуулав.
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Кристоф Марк: “Dance Motion нь дэлхийн 9 оронд хэрэгждэг, олон улсын наадам. Бид үүгээр орчин үеийн бүжгийг Монголд таниулж, хоёр орны соёлын солилцоонд тодорхой дэвшил гаргана гэсэн байна. Үнэхээр ч хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож чадаж буйн нэг илрэл нь АНУ-аас ирсэн бүжигчид сургалт зохион байгуулахын хажуугаар өөрсдөө монгол бүжиг сурсан явдал юм” гэв. Наадамд урилгаар АНУ-ын “Ririe Woodbury”, Канадын “Bill Coleman dance” бүжгийн компани, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос, “Vivarte” утсан хөгжмийн дөрвөл оролцоно.
Үзсэн: 1514
Tweet