"Монголчуудын уртын дуу, зан үйл өвлөгчид” - “Элжигин халхын уртын дуу"
М. Дорждагва: Халх угсаатны бүлгийн элжигин угсааныханд бол айзам уртын дуу байна. Бэсрэг буюу орон нутгийнхны хэллэгээр дэгэлзсэн гэх “шавшаа” дууны төрөл бий.
Эрт цагаас нааш Элжигин (эл+тегин буюу эл эзэн, элгэн садан гэдэг эртний монгол үг) угсааныханд уртын дууны ховор нандин өв цөөнгүй хадгалагдаж ирсэн байна. “Хуур магнай”, “Түмний эх”, “Зээ дуртмал”, “Асур өндөр” гэх мэт уртын дуунууд байсан тухайн аман мэдээ байдаг. Түүхийн аль нэг цаг үед эдгээр уртын дуунуудын зан үйлийн зориулалт, урын сан нь Хан Хөхийн уул нуруудын сэдэвтэй уртын дууны шинэ төрөл зүйлээр солигджээ. Тийм ч учраас элжигины зан үйлийн уртын дууны өвийн гол хэсгийг Ханхөхийн сэдэвтэй дуунууд эзэлдэг байна. Нэвтрүүлэгтээ уртын дуучин, уртын дуу судлаач Мягмарсүрэнгийн Дорждагвыг урилаа. Тэрээр элжигин угсааныхан хаагуур нутагладаг талаар яриагаа эхэлсэн юм.
/Яриа/М.Дорждагва: Элжигин нар маань яг өнөөдрийн байдлаар Монгол улсын Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан зэрэг суманд төвлөн амьдарч байна. Баруун туруун мэт зарим сумдад бол бусад угсааныхантай холилдон амьдардаг. 2016 онд “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн” халх угсаатны бүлгийн элжигин угсаанд хүрч, яг амьдрал дээр нь очиж тэдний уртын дууны өв зан үйлийн соёлтой нь биечлэн танилцсан. Ингэж 2016 оны 9,10-р сард энэ ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
УВС АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН Г.ДАВААГОМБО (1947), О.НЯМСҮРЭН (1952), Ж.ЖАНЧИВ (1976)
“Элжигин угсааны” уртын дуунын соёлд эрт цагаас маш олон уртын дуучид хувь нэмрээ оруулсан байдаг. Арай хожуу үеийн төлөөлөл болсон хүмүүсээс нэрлэвэл Батдэлгэр, Дямбуу, Жүгнээн, Огоо, Буяннэмэх, Жигдсүрэн, Цэрэнбалжир нар ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Мөн засагт хан аймгийн элжигин хошууны ноён Лу жанжин гүн буюу Сэдбазарын Лувсандондов буддын шашны үндэслэлтэйгээр олон уртын дуу зохиож зан үйлийн хэрэглээнд оруулж байсан байна. Тиймээс элжигин нарын уртын дуу бие даасан хэв шинжийг олж хөгжсөнийг 18-р зууны сүүл 19-р зуунтай холбон авч үзэж болох талтай хэмээжээ. Элжигин халхчууд уртын дуугаа ерөнхийд нь айзам уртын дуу, шавшаа уртын дуу гэж хоёр ангилан үздэг талаар судлаач М. Дорждагва ярьж байна.
/Яриа/М. Дорждагва: Халх угсаатны бүлгийн элжигин угсааныханд бол айзам уртын дуу байна. Бэсрэг буюу орон нутгийнхны хэллэгээр дэгэлзсэн гэх “шавшаа” дууны төрөл бий. Ерөнхийдөө дууных нь урын сан бол орон нутгийн шинжтэй байгаа. Яагаад вэ? гэхлээр зэрэг нэлээд хэдэн зуун жилийн өмнө элжигинчүүд одоогийн Архангай аймгийн Чулуут хавиас очсон гэж түүхчид тэмдэглэсэн байдаг юм билээ. Тэгэхлээр Ханхөхий уул буюу Хангайн нурууны баруун талд очиж нутаглаад тэнд орон нутгийн шинжтэй уулын дууны өв сантай болсон байгаа юм. Энэ өв санд нь Лу жанжин гүн Лувсандондов гэдэг хүн ихээхэн хувь нэмэр оруулсан юм билээ. Элжигин уртын дуу нь халх уртын дууны салбар аялгуу. Өөрөөр хэлбэл төв халх уртын дууны баруун жигүүрийн ая гэсэн үг шүү дээ. Гэвч орон нутгийн шинжтэй нэлээд өвөрмөц, холоос цэнхэртэн мяралзаж харагддаг тэр Ханхөхийн нурууг эрхгүй санагдуулмаар тийм өнгө аяс уртын дуунд байдаг. Элдэв янзын нэр товъёог хий хоосон зохиодоггүй. Хэрэв хий хоосон байвал тэр бол урт насалдаггүй. Тийм учраас урт болон богино холилдсон бэсрэг хэлбэрийн уртын дуугаа яагаад “шавшаа” гэж байгаа юм бэ? гэхлээр зэрэг элжигин халхчууд өөрсдөө л ингэж нэрлэдэг юм байна лээ. “Шавшаа” дуу гэж ямар дуугаа хэлээд байна вэ? гэхлээр богино бэсрэг аятай болж таарч байгаа юм. Бэсрэг гэдэг нь дотроо урт ба богино холимог ая гэсэн агуулгатай шүү дээ. Ялангуяа элжигин халхчуудын шавшаа дуунууд нь бол хотгойд, дархадын гэгэлгэн дуу гэж бидний ярьдаг “Дэлтэй цэнхэр”, “Тосонгийн орой”, “Будармаар будармаар салхи” зэрэг дууны аялгууны бүтцийн ерөнхий шиж, аялга дуудлагатай нэлээн төстэй. Маш төстэй шүү. Ялангуяа дуунуудын төгсгөл нь “хоё” ч гэж байх шиг. Яагаад тийм байгааг нь нэгдүгээрт: хотгойд элжигин хоёр эртнээсээ нутаг залгаа оршсоор ирснээс; хоёрдугаарт: дархадууд эрт цагт элжигин нарын нутаглаж байсан Хангай нурууны ар бэл хавд бас нутаглаж байгаад хойш ойн гарч өнөөгийн Хөвсгөл орчимд хүрч суурьшсан тухай түүхэн үйл явдал байдаг. Мөн эдгээр угсааныхны олон зуун жил амьдарсаар ирсэн газар зүйн орчин, нөхцөл нь төстэй . Энэ мэт олон шалтгаан элжигин халхын уртын дууны өвийн зарим хэсгийг хотгойд, дархад нарынхтай төстэй болгож буй бололтой. Харин тухайн ард түмнүүдийн овгийн бүрэлдэхүүнээс бие биендээ яаж харилцан нөлөөлснийг угсаатны зүйчид тайлбарлах байх. Ер нь монголчуудын уртын дуу дотор “хооё”, “аая”, “хүүе”, “өөш”, “ааүү” гэсэн уриа дуудлагууд түгээмэл байдаг. Хаана илүү их байна гэхлээр түүхийн аль нэг цаг үед нийгмийн тогтонги байдлаас болж царцсан шинжтэй соёлд илүү байх шиг. Хоёр мянган жилийн өмнө юм уу, мянган жилийн өмнө царцсан байж болох тийм шинж тэмдэгтэй дуунууд манай монгол нүүдэлчдэд бэшгүй олон байна. Тэр дуунуудын нэлээд хэсэг ойрад монголчууд дотор байдаг юм. Дөрвөд, Урианхай, Захчин, Торгуудуудад аялгууны бүтэц, дуулах арга барилын царцмал, түгжигдмэл шинжтэй дуунууд түгээмэл байна. Ийм төрлийн дуунууд дотор байгалийн уриа дуудлагын шинжтэй хаая, хүүе болон хандсан өөе, хүүе г.м уриа түгээмэл хадгалагдсаар байна. Энэ шинж тэмдэг нь өөрөө монгол үндэстний уртын дуу эртний үүсэл гарвалынхаа улирсан шинж тэмдгүүдийг хадгалж байгааг илтгээд байгаа юм. Нөгөө талаас угсаатны өөрийнх нь хэл аман аялгууны онцлог байж таарна.
Элжигэн угсааныхан айзам уртын дуу гэдгээ “зээ”–тэй буюу хурим найр эхлүүлдэг, зан үйлийн томоохон далайцтай дуунуудаа хэлдэг. Тухайлбал “Зээ баян Хөхий”, “Сайвар халтар ”зэрэг “зээ” эхтэй дуугаар найраа эхэлдэг бол “Мод тавих ёс” буюу бэрийн өмч таслах зан үйлд “Бодол цолмон хүрэн” уртын дууг дуулдаг ёсон байжээ. Түүнчлэн хурим найранд “Өндөр хөхийн буга”, “Тэнгэрийн агаар”, Эрдэмт баахан шарга”, “Эр бор харцага” зэрэг дуунуудыг дуулдаг уламжлал ч байсан гэдэг. Элжигин нар шинэ гэр бүр барихад “Зээ баян хөхий” хэмээх айзам уртын дуугаа заавал дуулж тэр шинэ гэр бүлийг Ханхөхий уулынхаа эзэн савдагт даатгадаг зөн совингийн ерөөл билэгдэлтэй байжээ. Эдгээр нандин уламжлал нь үндсэндээ тасарсан. Өндөр настай цөөхөн хэдэн өвлөгчид энэ тухай дурсан ярьсан гэдгийг судлаач Дорждагва дурдаж байсан юм.
/Яриа/М.Дорждагва: 2008 оноос хойш бид Монгол туургатны уртын дууны судалгааг ЮНЕСКО-ийн Монгол дахь судалгааны салбар Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хийсэн. Ерөнхийдөө үр дүн эхнээсээ гарч эхэлж байна. Яагаад гэхлээр, монгол угсаатны олон бүлгүүдийн уламжлалт уртын дууг харьцуулах боломж бидэнд олдсон. Бодит байдал дээр нь очиж сурвалжлаад, хонь хариулж яваа хөгшнөөс юм уу, гэртээ цай чанаж байгаа эмээгээр дууг нь дуулуулаад, түүний оюун санаа дотоод ухамсрыг нь сонсоод байна шүү дээ. Тийм учраас бидний сонсогч та бүхэнд хэлж байгаа зүйлүүд бол нэлээн бодитой байгаа байх гэж бодож байна. Байгалийг магтах, шүтэх, байгалийг хайрлах хамгаалах, байгальтай дуу чимээгээр харилцах, ойлголцох өвөрмөц гүн ухаанд ухаанд монгол үндэстний уртын дуу тулгуурлан бүтсэн. Тиймээс байгалийн өөрийнх нь бүтээсэн жинхэнэ сонгодог эко дуу бол уртын дуу юм байна. Тиймээс уртын дуугаар, уртын дууны сэдэв агуулгаар дамжуулаад өнөөгийн дэлхийн ертөнц болон хүн хоёрын харилцан шүтэлцээ, тэнцвэр алдагдсан байдлыг нөхөх өргөн боломж бидэнд нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, уртын дууны сэдэв агуулга, үзэл санааг сурталчилж байж монголчууд өөрсдийн хувь нэмрээ өнөөгийн дэлхий ертөнцийн эко системийг хамгаалахад оруулах боломжтой. Мөн хүүхэд залуучуудыг байгаль ээлтэй, хайртай хүнлэг энэрэнгүй болгохын тулд уртын дууны зан үйл, сэдэв агуулга, байгальтай харилцан шүтэлцэж байгаа энэ мөн чанарыг таниулах нь зүйтэй. Элжгин халхчуудын уртын дуу бол мөн л энэ байгалийн жинхэнэ эко дууны нэг хэсэг нь билээ.
УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ЖОНОН ОВОГТ ДАШДАВААГИЙН НИНА "ЗЭС ГУАЙ" гэдэг дуу дуулдаг.
Уртын дуучин,уртын дуу судлаач Мягмарсүрэнгийн Дорждагва хөдөө орон нутгаар маш олон жил явж тухайн нутаг усных нь хүмүүстэй уулзаж мартагдсан уртын дуугаа судалж яваа хүн юм. Түүний судалгаа хийх явцад тухайн орон нутагт уртын дууг өвлөн залгамжлагчид цөөн байсан гэдгийг онцоллоо. Гэвч нэлээд хүмүүс сурч байгаа нь ажиглагдсан байна.
/Яриа/М.Дорждагва: Ялангуяа Увс, Баян-Өлгий, Ховд чигийн ойрад монгол удмын залуучууд уртын дуугаа өвлөн залгамжлах эрхэм ажилд идэвхтэй байгаа нь ажиглагдсан. Найр наадам дээрээ дуулцгааж байна. Уртын дуу бол зөвхөн шоу ч юм уу, тайзан дээр дуулагддаг дуу биш. Тайзны уртын дуу бол тусдаа жинхэнэ уртын дуунаас ондоошсон төрөл зүйл. Тайзны буюу “Дуурьлиг уртын дуу” /Opera-Long Song/ юм. Жинхэнэ уртын дуу бол зан үйлийн уриа дуудлага, ерөөл билгийн дуу шүү дээ. Ямар зан үйлийн дуу юм бэ? гэхлээр байгалийг эзэн савдаг шивдэгтэй дуу авиан хэлээр ойлголцож, харилцан бие биенээ нөхөж, хүн байгаль хоёрын тэнцвэрийг хадгалдаг хэрэгсэл бол уртын дуу мөн. Задын дуу, лусын дуу, хурын дуу гэж янз янзаар нэрлэдэг уртын дууны нэг төрөл өнөө хэр монголын нүүдэлчид дотор байна. Эдгээр дуунуудын яаж дуулдаг вэ гэхээр, овоо тахиж байхдаа баруун хойд зүг рүү харж зогсож байгаад дуулдаг байжээ. Уртын дууны энэ төрөл нь эртний монголчуудын бөө мөргөлийн үзэл онолоор, дунд тивд хур бороо орохыг урин дуудсан дуудлага болно. Ийм уртын дуунд “Өргөн үүл”, Иш гарьдын хур”, “Хүдрэн гарах үүл” зэрэг олон дуу багтдаг юм. Сум орон нутгийн хүмүүс ямар хандлагатай, соёлын төв нь яаж ажилладаг, уртын дууныхаа өвд хэрхэн ханддаг байгаагаас шалтгаалах зүйл олон байна. Уртын дууныхаа өвд хандаж байгаа хандлага нь өөрөө монгол уламжлалд хандаж байгаа хандлага, монгол сэтгэлгээ, үндэснийхээ үзэл, үндэстэн байх уу? үгүй юу гэдэгт хандаж байгаа хандлага шүү дээ. Зарим нутагт нэлээд сул байна. Тийм нутгуудад үндсэндээ уламжлалт соёл, мэдлэг нь тасарсан байна. Соёлын өвлөн залгамжлагчдийн олонхи нь 75,80,90-н настай хүмүүс байна.
Хуучны томоохон уртын дуунуудыг сурахад хэцүү байсан учраас түүнийг сургах нэгэн уламжлал арга элжигэн угсааныхны дунд байжээ. Тэрхүү аргыг "Жонжуудах ёс" гэж нэрлэдэг аж. Түүнийг шинэ гэр оёх, бүрэх үйлтэй холбон гүйцэлдүүлдэг. Тухайлбал, "өнөө орой Даваагомбо гуайнд жонжуудна" гэж зар тараадаг байна. Тэр үеэр айраг, тарагаа бариад дуулж найрлах нь үндсэн ажил байжээ. "Жонжуудах" тухай сонссон залуучууд дуу, хуураа сурахаар, урьсан айлд цугладаг. Ингэж "жонжуудах ёс"-оор дамжуулж залуу хойчдоо уртын дуугаа өвлүүлэн үлдээдэг уламжлалт сургалт нь одоо мартагджээ. Тэд энэ ёсоо ихэд дурсан санах аж. Энэ ёсыг ихэвчлэн намар цагт гүүгээ барьж, айргаа исгэчихээд өрнүүлдэг байсан тухай дурсамж л үлджээ. Архи дарсаа хэтрүүлж согтуурхах зүйл тэнд байхгүй. Хамгийн гол нь залуучууд нутгийн том дуучдаар уртын дуу дуулах ур дүй заалгаж, дууныхаа урын санг баяжуулдаг эрхэм сайхан заншил аж. Энэхүү "жонжуудах ёс" дээр үндэслэн элжигин халхынхаа уртын дууны өвийг сэргээн залгамжлуулах нь өгөөжтэй болов уу.
/Яриа/М.Дорждагва: Элжигин угсааныхан“Улаан торгон уут” дуугаа шавшаа дуу гэдэг. Энэ дууныхаа үүсэл гарвал үүх түүхийг сайн мэдэж байна. Судалгаанд хамрагдсан хөгшчүүлд бол хэн зохиогдсон юм бэ? ямар учраас зохиогдсон юм бэ гэдгээ мэдэж байна лээ. Тэгэхлээр улиастай амбан руу хайртай нөхөр нь цэрэгт татагдаж гэнэ. Ховдын амбан руу бас цэрэгт татагддаг юм байна л даа. Тэгэхлээр тэр зүгийн шувуу нь хэлтэй ч болоосой гэж үлдсэн бүсгүй нь боддог байсан аж. Тэр минь хаана явна ч гэдэг юм уу ингэж тухайн үеийн түүх нийгмийн байдалтай холбоотойгоор зохиогдсон дуу аж. Тэгэхлээр энэ дуу бол баруун халхын дуу гэсэн үг. Монгол үндэстний халх угсаатны бүлгийн элжигин угсааныхны түүхэн дуу нь юм аа.
"Монголчуудын уртын дуу, зан үйл өвлөгчид” цуврал нэвтрүүлгийн эхний дугаараар “Элжигин халхын уртын дуу”-ны тухай онцлон сонирхууллаа. Редактор Ц.Ганцэцэг.
Үзсэн: 3095
Tweet