Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү олон салбар, хүрээг хамруулан өрнүүлж, харилцан ашигтай, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Сваражийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд түүх, соёлын олон зууны хэлхээ холбоо, найрсаг харилцаатай, гуравдагч хөрш Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тогтоосон харилцаа Стратегийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, хатагтай Сушма Сваражийн айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийллээ. Тэрбээр энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг хоёр орны Гадаад харилцааны сайд нар даргалан хуралдуулж, зорилгоо амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэлээ.
Хатагтай Сушма Свараж “Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд 42 жилийн дараа болж буй айлчлал юм. Бид түүх, соёлоор ойр дөт байгаад зогсохгүй бурхны шашнаар дамжуулан оюун санааны хувьд салшгүй хэлхээ холбоотой болсон ард түмэн. Үүн дээр нэмээд биднийг ардчиллын үнэт зүйл, эрчимт хөгжлийн ирээдүй орчин цагт нэгтгэж байна” хэмээн онцоллоо.
Уулзалтын үеэр хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, харилцааг цаашид өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хооронд нэгэнт тогтсон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа санал нэгтэй тэмдэглэв. УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа 1962 оноос эхэлсэн бөгөөд 2016 онд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болсныг онцлов. Сайд, хатагтай Суши Савараж, УИХ-ын дарга М.Энхболд нар боломжит түвшнээс хоцорч байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү олон салбар, хүрээг хамруулан өрнүүлж, харилцан ашигтай, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Талууд хөдөө аж ахуй, техник технологи, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт боломж нөөц байгааг дурдаад УИХ-ын дарга М.Энхболд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластерийн чиглэлээр хөгжүүлэхэд Энэтхэг Улстай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Түүнчлэн БНЭУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих нефть боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах өртгийг хямдруулах, иргэний нийгмийн байгууллагууд болон аймаг, орон нутаг, нийслэл хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад хэргийн сайдын хувьд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урьсан тус улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны урилгыг дамжуулсныг талархан хүлээж авлаа.
Үзсэн: 1220
Tweet