Монгол Улсад 2.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ
Уг тусламжийн 1 сая ам.доллараар Монгол Улсын усны засаглалийг бэхжүүлэх чиглэлд, 1.5 сая ам.доллараар “Аймаг, сумын төвүүдэд зориулсан бүсийн хөгжлийн техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлэх юм.
Азийн хөгжлийн банк (АХБ), Ядуурлыг бууруулах Японы Сангаас Монгол Улсад 2.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх болж, Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг тусламжийн нэг сая ам.доллараар Монгол Улсын усны засаглалийг бэхжүүлэх чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх юм. Энэ хүрээнд усны засаглалийн чиглэлээр одоо хэрэгжиж буй стандартуудад үнэлгээ хийж, хууль, эрхзүйн орчныг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулахаас гадна томоохон голуудын сав газрын менежментийн төлөвлөгөөг шинэчилэх юм. Мөн усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулахад зарцуулах юм байна.
Харин 1.5 сая ам.доллараар “Аймаг, сумын төвүүдэд зориулсан бүсийн хөгжлийн техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд зарим аймаг, сумын нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах чиглэлд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх аж.
Үзсэн: 1208
Tweet