“Дэлхийн номын өдөр”-т зориулан Төрийн ордонд номын өдөрлөг зохион байгуулав
“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг болон ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулж хэвшжээ.
УИХ-ын Тамгын газар, ШУТИС хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлаар 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын баяр, зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон анх зарласан. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, өдөрлөгийн ач холбогдлыг бид нэг талаас соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг таниулан сурталчилах, нөгөө талаас Төрийн ордонд ажиллаж байгаа болон ажлаар орж ирсэн иргэд, олон нийтийг шинэ номтой танилцах, худалдаж авахад нь ойртуулах зорилготой гэж байв.
Номын өдөрлөгийн нээлтэд үг хэлсэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Номын хүчийг онцлох боломжийг энэ өдөр бидэнд олгож байна” гэсэн бол Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир “Хүн төрөлхтөний хүнлэг чанарыг дээшлүүлэгч нь ном юм” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол орны ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжсөн хүн гэдэг бол юун түрүүн уншиж, мэдсэн хүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ номонд дуртай байх, номын эзэн байх боломжоор төр хангаж өгөх ёстой” гэсэн юм.
Үзсэн: 1355
Tweet