Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж: Монгол цэргийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг та бүхэн үлгэрлэн харуулна гэдэгт итгэлтэй байна.
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжийн цэргийн баг өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энхийг сахиулагчдад хандан “Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон энэ сайхан цаг хугацаанд эх орон, Зэвсэгт хүчнийхээ удирдлагын өгсөн үүргийн дагуу ажиллагааны газар орныг зорих гэж буй та бүхэндээ Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье. Монгол цэргийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг та бүхэн үлгэрлэн харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.
Мөн Хурандаа О.Банди “Бид бүхэн эх орон, төр засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэх болно. Цэргийн алба хаасан бүхий л хугацаа, ажиллагааны өмнөх сургалтын явцад олж авсан мэдлэг, дадлага, чадвартаа тулгуурлан үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхээс гадна нэгнээ гэсэн дэмээр хамтдаа хичээнэ гэдгээ үүгээр илтгэе” гэсэн юм.
Үзсэн: 1317
Tweet