Монгол Хүүхэд
Ирээдүйд эх орныхоо бахархал нь болох энэ цагийн бахдам амжилтын эздийг танилцуулдаг “Монгол хүүхэд” нэвтрүүлэг.
Урлаг спорт, авьяас чадвар хичээл зүтгэлээрээ бусдаасаа ялгарч улс орон, тив дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа хүүхэд олон. Тэдэнтэй уулзаж хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл баярт мөчөөс нь хуваалцдаг билээ. Нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Увс аймгийн Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Бямбаагийн Мэндсайхан уригдлаа. Түүний тухай өгүүлэх “Би эмч болохыг хүсэж байна” сурвалжлага сонсоно уу.
Б.Мэндсайхан Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит химийн улсын анхдугаар олимпиадын алт, аймгийн Химийн олимпиадын 2016, 2017 оны хошой алт, “Ирээдүйн мянгат-2017” улсын математикийн уралдааны мөнгөн медалийн эзэн.
ШУТИС- аас зохон байгуулсан “Автомат Робот“ тэмцээнд тусгай байр, сургуулийнхаа “Автомат Робот“ тэмцээнд шулуун замын төрөлд багаараа 1-р байр эзэлсэн гээд дурдаад байвал түүний амжилтын буухиа арвин. Одоо хамтдаа хүсэл мөрөөдлөөс нь хуваалцъя.
Мэндсайхан: Би эмч болох хүсэл мөрөөдөлтэй. Хүнд амьдрал бэлэглэдэг сайхан мэргэжил учраас би энэ мэргэжлийг сонгосон. Тиймдээ ч би химийн хичээлдээ түлхүү анхаарлаа хандуулж илүү дурлаж эмч болохын тулд өдөр шөнөгүй бэлддэг. Хими бол математикийн дараа орох шинжлэх ухааны хаан. Хэчнээн урвалын тэгшитгэл зэргийг нь цээжлэхэд хэцүү байдаг. Эхний шатандаа хэцүү. Хүүхдүүд үүнд жаахан шантардаг. Энэ үеийг давчихвал үнэхээр сонирхолтой. Гайгүй хичээл. Даан ч хүүхдүүд эхний үеийг давахгүй байгаа юм.
Химийн шинжлэх ухаан бол бодлогуудыг нь бодохоор нэг нь нөгөө рүүгээ шилжиж урган гарч байдаг шинэ санааг үргэлж төрүүлдэг. Энэ нь үнэхээр сонирхолтой байдаг. Би цөөнгүй туршилт хийдэг. Энэ нь их сонирхолтой. Химийн чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүд олон сайхан мэргэжил эзэмшиж болно гэж Мэндсайхан ярьж байна.
Мэндсайхан: Бид нар туршилт хийдэг. Галт уулын шиг оргилдог туршилт байдаг. Мөн усан дээр дөл гаргадаг урвалууд бий энэ нь үзэсгэлэнтэй харагддаг. Химийн хичээлдээ сайн суралцсанаар химийн инженер, эмч лаборант, эмийн санч гээд олон мэргэжил эзэмшиж болно. Мөн эмчээс тэс ондоо Нисэхийн салбарт ч ажиллах боломжтой.
Химийн талаар хүмүүс төсөөлөхдөө, ажлын ширээн дээр олон янзын бодистой ажиллаж байгаа эрдэмтдийн эсвэл кинон дээр гардаг галзуу эрдэмтний дүр зураг харагдаж магадгүй. Зарим нь буцалж буй шилтэй бодисуудын өнгө нь өөрчлөгдөж шинэ бодис үүсгэж байгаагаар төсөөлж болно. Зарим нь химийн урвалын тэгшитгэлээр, үелэх системээр эсвэл олон янзаар холбогдох молекулуудын загвараар төсөөлж магадгүй. Хими бол бидний бодит ертөнцийг ойлгох, түүн доторхи үзэгдлийг тайлбарлах загвар бий болгох, аливаа бодит үзэгдлийг урьдчилан тааварлахад туслах шинжлэх ухааны нэг салбар гэж Мэндсайхан хүү ярьж байна.
Ихэнх химийн ангийн хананд байдаг химийн үелэх системийг үргэлж л байсан мэтээр үл ойшоож болохгүй. Яг үнэндээ бол, энэ үелэх систем нь мянга мянган жилийн хүн төрөлхтөний орчлон ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг ойлгох гэсэн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Эргэн тойрноо ажиглавал, бие биенээсээ ялгаатай маш олон янзын бодисыг олж харна. Гал, чулуу, ус гэх мэт. Мөн амьдрал бол тэр чигтээ хими гэдгийг нэвтрүүлгийн зочин Б.Мэндсайхан онцоллоо.
Мэндсайхан: Амьдрал бол тэр чигтээ хими. Энэ шил гэхэд л цахиурын оксид орсон байгаа. Болорын найрлага орсон байж магадгүй. Эд нарыг чинь жин тооцоо хийхээр маш сонирхолтой санагддаг. Гарт баригдаж байгаа биед мэдрэгдэж байгаа бүхэн хими. Химийн олимпиад дөрвөн шаттай болдог. Сум аймаг, улс гээд улсаасаа шалгараад 210 улсын 400 –аад хүүхэд хоорондоо өрсөлддөг. Манай орон нутагт тэмцээн уралдаан төдийлөн зохиогддоггүй. Тэр бүр тэмцээн уралдаанд ордоггүй. Улсын тэмцээнд орж гарч ирдэг.
Химийн хичээлийг сурахдаа, сургуулийн систем чиний дургүй хэрэггүй зүйлийг шахаж шаардаад байна гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, 100 жилийн өмнөх хүмүүс, хичээлийн номонд байгаа, багшийн чинь зааж байгаа мэдлэгийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй амьдарч байсан.Энэ шатны мэдлэгтэй болох нь маш олдошгүй онц гойд зүйл. Үүнээс гадна нэмж хэлэхэд, энэ бүх салбарын мэдлэг бүгд бүрэн биш, нээж олох олон зүйлс байгаа гэдэг нь бас бидний мэдлэгээ гүнзгийрүүлэх аяллыг илүү их сонирхолтой болгодог. Одоогийн хүн төрөлхтөний бий болгосон бодит байдлын тухай мэдлэгтэй харьцуулбал, ирээдүйд мэдэх мэдлэг маань түүнээс хязгааргүй их гэдгийг өнөөдрийн зочин Мэндсайхан үе тэнгийн найз нартаа уламжиллаа.
Үргэлж шинийг сэдэж үе тэнгийнхээ манлайлах үнэхээр сайхан. Үе тэнгийнхэн дундаа нэр хүндтэй, бусдынхаа итгэл хүндэтгэлийг хүлээх нь илүү ихийг хийж санаачлахын эхлэл болдог. Энэ бүхнийг нэвтрүүлгийн оролцогч Б.Мэндсайханы амжилт бүтээл хүсэл тэмүүллээс мэдэрч болохоор байна. Бидний урилгыг хүлээн авч амжилт бүтээлээсээ хуваалцсан Увс аймгийн Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн сурагч Бямбаагийн Мэндсайханд цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.
Зорилго мөрөөдөлтэй байж гэмээ нь хүрэх оргил, ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. Хичээнгүй хүнийг амьдрал шагнадаг. Тиймээс зорилго, мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх гэсэн чин эрмэлзэлтэй байгаарай хүүхэд залуус аа.
Үзсэн: 1471
Tweet