Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Архангай аймаг, Лаосын Чампасак мужийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, энэ талаарх хүсэлтийг тус мужийн захирагчид уламжилж өгөхийг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоогоод өдгөө 56 жил болж байна. Энэ хугацаанд хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжин тэлсэн. Тухайлбал, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд Монгол, Лаос Улс байнга идэвхтэй оролцож, бие биенийхээ байр суурийг дэмжиж ажилладаг. 2018 оны нэгдүгээр сард Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын 26 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын бүрэлдэхүүнд багтаж, айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Лаосын парламентын гишүүдтэй уулзаж, хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн билээ.
Уулзалтаар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Лаос Улс түүх, соёлын өргөн баялаг түүхтэй ард түмэн. ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн алдартай дурсгалт газруудаас эхлээд Лаосын соёлын үнэт өвүүд, байгаль орчны хамгаалал, соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлж байгаа орны нэг. Иймд соёл урлагийг хэрхэн сурталчлах, ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн газар, нутгаа хэрхэн хамгаалж байгаа асуудлаар мэргэжлийн хүмүүсийн дунд туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эрхэм Элчин сайд Сиалункон Сэнг Утхон, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж, анхаарал хандуулж байгаад талархал илэрхийлээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд улс төр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ. Байнгын хорооны даргын санал болгож буй бусад салбаруудыг хөгжүүлж, өргөжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.
Үзсэн: 1128
Tweet