Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой тохиож байна
БНМАУ, ЗХУ-ын баатар Ж. Гүррагчаа мэндчилгээ дэвшүүллээ.
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. МУ-ын иргэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.Жанибековын хамтаар 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн 14 цаг 58 минутад хуучнаар ЗХУ-ын Байканур дахь сансрын талбайгаас Союз-39 хөлгөөр хөөрч байсан юм. Тэд сансарт 8 өдөр аялахдаа дэлхийг 124 удаа тойрч 3-р сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдлаар Монгол улс сансрын уудамд техникгээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж сансрын уудамд туршсан дэлхийн 20 дахь орон, өөрийнхөө нисгэгчийг сансарт илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Энэхүү тэмдэглэлт өдөрт БНМАУ, ЗХУ-ын баатар Ж. Гүррагчаа мэндчилгээ дэвшүүллээ.
3-р сарын 22 бол их утга төгөлдөр өдөр. Монголчуудын хувьд Монгол хүн сансарт ниссэний ойн өдөр. Энэ өдөр би радио сонсогч олон түмэндээ баярын мэндчилгээ дамжуулж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын ард түмэн өнөөдрийг хүртэл энэ өдрийг мартдаггүй, санаж явдгын нэгэн хүчин зүйл нь одоогоос 30 гаруй жилийн өмнө монголчуудад Монгол хүн сансарт нислээ гэдгийг Монголын радиогоор сонсогч түмэндээ дуулсан явдал гэж бодож явдаг. Тийм учраас энэ өдөр радио долгионоор та бүхэнтэйгээ дахин уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Үзсэн: 1243
Tweet