“Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээлээ. Тэрээр захидалдаа “ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе. Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хөгжингүй Хятад улсыг цогцлоох үйлстээ их амжилт олно гэдэгт итгэлтэй байна. Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараахан Танаас ирүүлсэн захидалд “Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад болон Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа” дахин илэрхийлсэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого нь нэгдмэл, залгамж чанартай бөгөөд миний зүгээс хөрш орнуудтай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гарган хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа удаа дараа илэрхийлж байгаа. “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Таны итгэл төгс үг монголчуудад найрсаг хүлээлт үүсгэсээр байгааг уламжилъя. Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө миний бие Тантай хамтран ажиллахад таатай байх болно. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, БНХАУ-д хөгжил цэцэглэлт, Хятадын найрсаг ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.
Үзсэн: 1188
Tweet