Дорнод аймагт ихэр ботго гарчээ
Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулана.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ. Төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулана.
Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Улсын сайн малчин Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Тэрээр одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байгаа ажээ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, “Мөнгөн буйл”, өргөмжлөл гардуулсан байна.
Х.Мөнхболдын аав Монгол Улсын Монголын радиогийн сурвалжлагч, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн. Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны хоёрдугаар сард Цагаан-Овоо сумын “Галуут” нэгдлийн малчин Б.Цэвээндоржийн тэмээний суурьт улаагчин ингэнээс ихэр ботго төрж байжээ.
Үзсэн: 1665
Tweet