Нобелийн шагналтнуудын уулзалтад Монголоос хоёр доктор оролцохоор сонгогджээ
Орон орны 6000 гаруй залуу эрдэмтэд оролцохоор бүртгүүлснээс 84 орны шилдэг 600 залуу эрдэмтэн, судлаачдыг сонгожээ.
Жил бүр Германы Линдау хотноо болдог Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулий багш, залуу эрдэмтэн, Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар оролцохоор сонгогджээ.
Нобелийн шагналтнууд болон авьяаслаг залуу эрдэмтэд чуулах тус уулзалт энэ оны зургаадугаар сарын 24-29-ний өдрүүдэд болно.
Анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд урилгаар оролцдог тус уулзалтад Нобелийн шагналт 43 эрдэмтэн оролцох юм байна.
Энэхүү уулзалтад орон орны 6000 гаруй залуу эрдэмтэд оролцохоор бүртгүүлснээс 84 орны шилдэг 600 залуу эрдэмтэн, судлаачдыг сонгожээ. Залуу судлаач О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар Японы Жичи Анагаах ухааны их сургуульд суралцан, өнгөрсөн жилийн гуравдугаар сард докторын зэргээ амжилттай хамгаалаад Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа аж.
Үзсэн: 1043
Tweet