Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЮНЕСКО-ГИЙН ӨВД БҮРТГЭСЭН ГУРВАН ӨВИЙН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА


Densmaa 2018-03-07 03:03

Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тав, Соёлын биет бус өвд 14, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвд таван өв бүртгүүлсэн байна.

   ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг БСШУСЯ, БОЖЯ-нд гардууллаа.

  Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын Ландшафт”, Соёлын биет бус өвийн жагсаалтад “Уул овоо тахих Монгол зан үйл”-ыг бүртгүүлсэн бол “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар, “ЮНЕСКО нь дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс ч өөрийн түүх соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлд идэвхтэй ажиллах болно” гэлээ.

   Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. Тус бүс нутаг нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул, тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

   Өнгөрсөн оны 12 дугаар сарын 06-нд болсон "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил судалгаа явуулсан бөгөөд Монгол Улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв болсон юм. Уул, овоо тахих нь нэг талаас байгалийн онгон дагшин байдал, нөгөө талаас ард түмэн дунд урт хугацаанд хадгалагдаж ирсэн ёс заншил, зан үйл зэргийг агуулж байдаг. Иймээс "Уул овоо тахих Монгол зан үйл" нь байгаль болон соёлын хосолмол өв юм.

   1924 онд “Монгол шунхан Данжуур”-ын 226 ботийг Монгол улсын нийслэлд залсны дурсгалд зориулан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүний захиалгаар тус хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г урласан байна. Энэхүү бүтээлийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг Наянт вантай байгуулсан байна. “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-нд дээрх гэрээг сийлэн үлдээсэн бөгөөд хөшөөний оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, сууринд нь бадамлянхуа цэцэг дүрсэлжээ. Дэлхий нийтэд ном зохиолд зориулсан энэ төрлийн хөшөө ховор байдаг тул ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэн авсан.

   Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тав, Соёлын биет бус өвд 14, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвд таван өв бүртгүүлсэн. 2019 онд “Хөхүүрийн айраг”-ийг Соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна.  

Үзсэн: 1508

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна