Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын хуралдаан боллоо
Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн сацуу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд тохиролцлоо.
Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын 21-р нэгдсэн хуралдаан 2 дугаар сарын 28-ны өдөр Москва хотноо боллоо. Тус хуралдаанаар Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирч, УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн бол Оросын тал эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Мөн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн сацуу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхээр талууд тохиролцлоо. Засгийн Газар хоорондын комиссын хуралдаан үр дүнтэй болж хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалын нөөц Экологийн Яамны Сайд С.Е.Донской нар хурлын протоколыг баталсан юм. Мөн Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын Хөгжлийн банкинд зээл олгох тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны нэгдүгээр орлогч дарга Ч.Энхбат Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч дарга Владимир Николаевич нар гарын үсэг зуржээ. Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXII хуралдааныг ирэх оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлолоо.
Үзсэн: 1455
Tweet