Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна.


Densmaa 2018-02-21 05:02

Манай улс жил бүрийн есдүгээр сарын 01-нийг "Эх хэлний өдөр" болгон тэмдэглэдэг.

   Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэйн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ “Өнөөдөр ЮНЕСКО нь олон улсын Эх хэлний өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах үүрэг, амлалтаа эргэн санах өдөр.

   Хэл нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй, хүн төрөлхтний оршин тогтнохын үндсэн нөхцөл юм. Бидний үнэт зүйлс, бидний итгэл үнэмшил, бидний хэн болохыг тодорхойлдог зүйлс бүгд хэлэнд шингэсэн байдаг. Бид өөрсдийн туршлага, өв соёл, мэдлэгээ хэлээр дамжуулдаг. Хэлний олон янз байдал нь бидний уран сэтгэмж, төсөөлөл, амьдралын хэв маягийн баялгийг гарцаагүй тусгадаг.

   ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг. Мөн хүүхдүүд эх хэлээрээ суралцахдаа хамгийн сайн сурдаг учраас хэлийг сургуулийн анхан болон бага ангиас нь эхлэн заахыг зөвлөдөг. Түүнчлэн, олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд төрөлх эх хэлээ ашиглахыг зөвлөж байна. Хэн ч өөрийн төрөлх хэлээс үл хамааран цахим ертөнцөд буй сурвалжид нэвтрэх, санал бодлоо хуваалцах тавцан буй болгох боломжтой байх ёстой. Өнөөдрийн хэлний эл асуудал нь тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын 2030 хөтөлбөрийн цөм юм.

Хоёр долоо хоног тутам дэлхий дээр нэг хэл устаж байна, хэлтэй хамт бидний түүхийн нэгээхэн хэсэг, соёлын өв мөн устаж байна. Олон хэлийг дэмжих нь түүх, өв соёлоо хадгалан үлдэхэд чухал үүрэгтэй.

Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО гишүүн орнуудыг боловсролын болон соёлын санал, санаачлагаар дамжуулан бидний баялагийг бүрдүүлж буй олон хэл, түүний олон янзын аялгууг судлан тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна” гэжээ.

Ингээд та бүхэнд та бүхэнд “Олон улсын эх хэлний өдөр”-т зориулан бэлтгэсэн “Яруу тансаг монгол хэл” сурвалжилга хүргэе.  

 

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүмүүн Бямбын Ринчен алдарт “Монгол хэл” шүлэгтээ:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би... хэмээн эх хэлээ нэгэнтээ магтан дуулжээ.

Оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Карамазовын хөвгүүд” зохиолын баатар “Хүмүүн төрөлхтнийг ялан дийлэх ердөө гуравхан хүч энэ хорвоод байдаг. Эдгээр гурван хүч бол гайхамшиг, нууц, нэр хүнд гурав болно” гэж хэлсэн байдаг. Тэгвэл монгол хэлэнд энэ гурван хүч гурвуулаа байгаа хэмээн нэрт эрдэмтэн Дулам хэлжээ. Тэрээр ярихдаа “Эх хэлний маань нэгдэх гайхамшиг нь аугаа их соёлт энэтхэг түмний Рахма, Вишнү тэнгэрсийн болон хүн төрөлхтний гайхамшгийг сэтгэгч Будда, Махадирагийн хэл болох санскрит хэл мөхсөн хэлний тоонд орсон байхад монгол хэл өнөөдөр амьд яриа, бичгийн хэлээрээ хэрхэн үлдэж чадаа вэ? Өөрөөр хэлбэл, сүүлийн 400 жил 7100 хэл мөхөж алга болсон байхад эх монгол хэл маань хэрхэн энэ хүрч ирээ вэ? Энэ бол яах аргагүй гайхашиг юм.

Эх хэлний маань хоёрдахь гайхамшиг нь 13-14-р зууны үед Ази, Европыг дамнан хэлэлцэж байсан, өнөөгийн англи хэлэрхүү цор ганц хэл нь монгол хэл байсан юм. Энэ үед монгол хэл мэддэг харийн хүн дэлхийн байлдан дагуулагчдын дурыг татдаг байлаа.

Эх хэлний маань гуравдахь гайхамшиг нь түүний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зохирол, дуурьсал, уян налархай байдал, баялаг үгсийн санд оршино. Өнөөдөр бид оюуны чадамжийн үзүүлэлтээрээ дэлхийд 21-рт орж байна. Энэ юуны ач вэ гэдгийг бид төдийлөн анзаарч үздэггүй. Энэ бол бидний эх хэлний сэтгэн бодуулах ур чадварын ач буян гэж би хэлье” гэсэн байна.

Монгол хэл 13-15, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгожээ. “Монгол хэл нь өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм” гэж 1959 онд нэрт эрдэмтэн Лувсанвандан тодлон өгүүлсэн байдаг.

Ингээд та бүхэнд монгол хэл аялгууны онцлог хийгээд дэлхий дээрх монгол хэлтнүүдийн талаар МУИС-ийн багш, доктор, профессор Гантогтохын яриаг хүргэе.

Монгол хэлний аялгуу гэхээр үндсэндээ нийт монголчуудын хэмжээгээр ярьдаг. Үүнийгээ Монголын дорнод, төв, өрнөд, умард аялгуу гэж ангилна. Ингээд дорнод аялгуугаа дэлхийд байгаа нийт монголчуудын монгол хэлний хүрээ хэмжээгээр нь дорнод монголын аялгуу гээд харчин, хорчины аялгуу, монголжины аялгуу буюу өвөрмонголын аялгууг багтаан үзнэ. Ордос, цагаан монгол, дээд монголын аялгууг өмнөд аялгуу, харин халх цахарын аялгууг төв аялгуу гэдэг. Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгий, цаашлаад Шинжаань Уйгурын өөртөө засах орон, Халимагийн хоорондоо ярилцах монгол хэлийг ойрд аялгуу гэнэ. Мөн баруун юмуу өрнөд аялгуу гэдэг. Мөн Монгол улсынхаа төв аялгууныхаа умард талаар нутаглаж байгаа Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт байгаа буриадууд тэрнээс хойш ОХУ-ын Буриад улс, Эрхүүгийн буриад үндэсний тойргийн монгол хэлтнүүдийн хэлийг умард аялгуу юмуу буриад аялгуу гэж хэлдэг. Ингээд үндсэндээ дэлхийд байгаа монголчууд, хүн амын хувьд монгол хэлээр ярилцаж байгаа хүмүүсийг бид 8 сая гаруй, тэгээд гадны улсуудын монгол хэлтэй, монгол хэлээр хэлэлцэж, ярилцаж байгаа улсуудаа нийлүүлээд, ерөнхийдөө монгол угсаатай, монгол хэлтэй, монгол заншилтай хүмүүсийн тоог 8-аас 10 саяын хооронд л ярьж байгаа юм. Нэг утга нь энэ. Нөгөө нэг утга нь Монгол улс дотроо байгаа монголчууд. Энэ бүх монголчуудын төлөөлөл нь монгол улсдаа байгаа юм. Өөрөөр хэлбэл монгол улсын дотор байгаа төв аялгуу маань эргэн тойрон монголчуудтайгаа хил залгаж байдаг. Монгол улсын үндсэн хэл бол монгол хэл. Үндсэн хуулийнхаа заалтаар ч Монгол улсын төрийн хэл бол монгол хэл юм гээд заачихсан байдаг. Нөгөөтэйгүүр бид бусад хэл аялгуугаа хүндэтгэж авч явдаг.      

16-р зуунд дэлхий дээр 14 мянга орчим хэл байсан гэдэг. Харин одоо хэрэглэгдэж байгаа 7000 шахам хэлний талаас илүү нь устах магадлалтай болоод байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тиймээс эх хэлээ хайрлан хамгаалах асуудлыг монголын үе үеийн олон эрдэмтэн, мэргэд сөхөн тавьсаар иржээ. Ингээд та бүхэнд МУИС-ийн багш, доктор, профессор Буянтогтохын яриаг хүргэе.

Монгол хэлээ хамгаалах тэмцэл бол монгол хүн өөрөө байх байхгүйн тэмцэл юм.Тэгэхээр манай ард түмэн, сэрж байна, тэмцэж эхэлж байна. Энэ бол их зүйтэй, энэ л сайн юманд хүргэнэ. Гол нь төр засаг энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгвэл ард түмэнд илүү нөлөөтэй болно. Ард түмэн яриад удна, гэхдээ үр дүнд хүрэх нь хүрнэ. Монголчуудын иргэний боловсролын 6 үндэс байх ёстой. Энэ 6 зүйлд захирагдаж бүх зүйлээ явуулбал манай улс их хүчтэй байх болно. Өвөг дээдэс маань энэ л замаар явж ирсэн. Нэгдүгээрт амь бие, аюулгүй орших үндэс бол газар нутаг байдаг. Ухаандаа оготно, хулгана хүртэл үүрэндээ орохоороо аюулгүй байдаг. Түүнтэй адилхан монгол хүн монгол нутаг нь бүрэн бүтэн байвал эх нутагтаа аюулгүй амьдарна. Хоёрдугаарт амин тэжээл элбэг арвин байх. Бидний хувьд 5 хошуу мал маань элбэг ариун байвал хоол ундаар элбэг хангалуун амьдарна. Тэгэхээр 5 хошуу малаа хамгаалах хэрэгтэй. Гуравдугаарт, эрдэм ухаан төгс төгөлдөр байхын үндэс бол үндэсний хэл бичиг. Энийгээ хамгаалж чадаж байж бид нар ухаантай байна. Тэгэхгүй бол бид өөр хэлээр сэтгээд байвао монгол ухаан гарахгүй.Тэгэхээр монгол үндэстэн байхгүй болох хэмжээнд хүрчихнэ. Дөрөвдүгээрт, сэтгэл санаа амгалан, арвин, гэгээн, буянтай байхад шүтлэг, гүтээн хэрэгтэй. Буддын шашин ч байдаг юмуу ямар нэг шашин хэрэгтэй. Бидний хувьтд Буддын шашин маань олон жилийн түүхтэй учир үүнийгээ шүтэх ёстой. Тавдугаарт хүчтэй байхын үндэс бол эв нэгдэл байдаг. Хоёр хүн эвтэй байвал төмөр хүрээ мэт. Хорин хүн эвгүй байвал эвдэрхий балгас мэт гэсэн эртний сургааль бий. Тэгэхээр эвтэй байвал монголчууд хүчтэй байх болно. Сүүлийх нь энэ бүгдийн үндэс, монгол хүний байх байхгүйн үндэс, улс орны мандахын үзүүлэлт бол төр засаг байдаг. Төр засаг л жинхэнэ үүргээ биелүүлж чадвал улс орон мандана. Төрийн үүрэг бол ард түмнээ жаргаах жаргасан ард түмэн сайн юм хийдэг, улс орноо мандуулж чаддаг. Далай лам айлдахдаа, монголчуудад шинжлэх ухааны эрдэм боловсрол хангалттай, тиймээс одоо сэтгэлийн боловсрол байхгүй учраас монголын бүх сургуулийг сэтгэлийн боловсрол руу чиглүүлэх ёстой гэж хэлсэн байдаг.       

   Олон улсын эх хэлний өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд тэмдэглэх болсон нь учиртай. Тодруулбал энэ өдөр, 1952 оноос эхэлсэн хуучнаар зүүн Пакистаны Бенгали хэлний төлөөх хөдөлгөөнтэй холбоотой юм. Энэ нь Бангла хэлийг улсын хэл болгохын төлөө тэмцэж амиа алдсан хэсэг оюутны хөдөлгөөн байжээ. Яагаад гэвэл тухайн үеийн Пакистаны засаг дарга Мохоммед Али Жиннах Урду хэлийг баруун, зүүн Пакистаны албан ёсны хэл байна гэж 1948 онд нэгэн хурал дээр зарласнаас болж тэмцэл хурцаджээ. Ийнхүү Зүүн Пакистаны хүмүүс Бангла хэлнийхээ төлөө тэмцэлд боссон бөгөөд Засгийн газар нь 1952 оны хоёрдугаар сарын 20-нд дээрх шийдвэрээ баталсны маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд оюутнууд өргөн хэмжээний эсэргүүцэл цуглаан зарлан зохион байгуулснаас Дака хотод Пакистаны цагдаа нар олон зуун хүний аминд хүрч эсэргүүцэлтэй тулжээ. Тиймээс 2 сарын 21-ний өдрийг ийнхүү Эх хэлээ хамгаалах дэлхий нийтийн өдөр болгон зарлан тунхагласан байна.

Үзсэн: 2557

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна