Монгол төрийн уртын дуу- Эрхэм төр
М. Дорждагва:Төр бат оршиж, төрийн түшээд шударга байж, түмэн олон бид амар жаргахыг бэлгэдэн хүсэж бясалгаваас бүтээлийн зорилго биелэх болно .
“Эрхэм төр” хэмээх эрх чөлөө, амар амгалан, үнэн зөв ажил хөдөлмөрийг бэлгэдсэн энэ дуу нь баруун халх, төв халх, Боржигин халх, баянбараат аялгуугаар өргөн дэлгэр дуулагддаг байж. Одоогоор баянбараат, баруун халхын аяар дуулсан нь тэмдэглэгдээд байна. Монгол хүний сэтгэл, санааны гүнд байгаа төр хэмээх эрхэм чухаг хийсвэрлэл үнэн дүрээрээ хүчирхэгжихийн хэрээр эрх чөлөө, энх тайван, амьдралын сайн сайхан бүхэн дэлгэрэх нөхцөл бүрддэгийг агуулгадаа шингээсэн бололтой. Мөн Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтийн өндөр уулсыг эрхэмлэн шүтэж, байгаль дэлхийн улирал, ан амьтны дуу чимээ яруу сайхныг магтан дуулжээ. Хослон амьдрах хорвоогийн амраг сэтгэл, ариун үнэнийг ч багтаасан байна.
“Эрхэм төр” хэмээх дууг сонсохдоо Монголын минь Төр бат оршиж, төрийн түшээд шударга, үнэнч байж, түмэн олон бид амар жаргахыг бэлгэдэн хүсэж бясалгаваас бүтээлийн зорилго биелэх болно хэмээн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан судлаач, уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва Монгол төрийн уртын дуу бүтээлийнхээ утгын тайлалд өгүүлсэн байна.Тэрээр орчин цагт Монгол төрийн айзам уртын дууг ийнхүү бүрэн эхээр нь дуулж олны хүртээл болгосон нь уртын дууны судалгаа сурталчилгааны ажилд чухал нөлөө үзүүлж, уртын дууг хамгаалж, ашиглан өвлүүлэхэд шинэ боломжийг нээж өгсөн гэж эрдэмтэн судлаачид үздэг.
/Яриа/ М.Дорждагва: “Эрхэм төр” хэмээх дуу их өргөн тархацтай дуу юм байна. Одоогийн Халхын дөрвөн аймаг Дөрөв Далан Хааны нутгаар байсан байна. Нэг сонирхолтой зүйл нь Говь Алтай аймгийн Төгрөг сумын нутагт энэ дууны үг нь арай өөр байсан байгаа юм. Дөрвөн улирал орсон үгтэй. Ийм үгтэй дуунуудыг ялангуяа баруун Монголчууд, Ойрадууд хаврын улиралд дууллаа гэхэд хавраар эхэлсэн үгээр эхэлдэг ,эсвэл хойно ч байж болно. Ингэж байгальтайгаа харьцаж дуулж байгаа болвол бүтэн үгээр дуулалгүй орхидог. Буцаж байгаа цаг учир дуустал дуулдаггүй гэдэг бэлгэдэлтэй. Хавар зуны цагт бол дуусгадаг. 30,40 бадаг ч бай 2,3 өдөр дуулсан ч бай заавал дуусгадаг байна. “Эрхэм төр” гэдэг бол ийм маягаар дуулагдаж байсан ийм агуулгатай дуу юм. Харин төвийн нутгаар бол “Эрхэм төр” гэчихээд Энгийн олон нөхөдтэй гээ үүрд хамтаар жаргатугай гээд эрх чөлөө амар амгалан төр нийгмийн ариун сайханы бэлгэдэж дуулсан утга агуулгатай ийм үүрэгтэй дуу юм. Ийм үүрэгтэй дуу. Тийм учраас бид энэ дууг ахуй төрийнхөө сайн сайхан амар амгалан тэгш шударга , ард олныг жаргалтай элэг бүтэн байхийн ерөөлийг бодож дуулж хуурдсан. Дуучин нь хуурч нь сонсогч нь энэ дууны утга агуулгийг бодож сонсож дуулах ёстой юм болов уу гэж Баттулга бид 2 дуулсан.
“Эрхэм төр” боржигин чигийн дуу юм. Энэ дуу "Төр гэдэг зүйл маш нандин чухаг юмаа гэдэг санааг агуулсан. Айл гэрийн амьдрал сайхан бол төрийн амьдрал ч сайхан байна. Айлын амьдрал түвшин байвал Төр түвшин байна. Тийм л утга агуулгыг хэлсэн боржигин чигийн дуу. Энэ богинхон дуу мөртлөө доторх зохиомж нь маш нарийн дуулахад бас хэцүү шуранхай авахдаа маш гүн авах хэрэгтэй гэж Соёл урлагийн их сургуулийнХөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор Цэрэнгийн Чулуунцэцэг хэллээ.
/Яриа/Ц.Цулуунцэцэг:Шуранхайтай хэсэг нь Сафрон хоолойтой дуучинд тохиромжтой юм шиг эхний хэсгийг дуулахад нийтлэг хоолойтой хүн тохиромжтой юм шиг тэгж бодохоор нилээн өргөн цар хүрээтэй дуулна гэсэн үг юм. “Эрхэм төр” нилээн удаан дуулагдахгүй байсан. 80-аад оны үед Норовбанзад гуай энэ дууг шинэчилж хэлбэрээр гаргаж ирж Баттөмөр , Түвшинжаргал ,Нэргүй, Ардын жүжигчин Сарантуяа гавьяат яг дөрвүүлээ тайзан дээр дуулаад гаргаад ирсэн. Тэгээд яг түүнээс хойш бид тэр чиг журмаар нь дуулж явж байгаа юм. Эрт дээр үетэй харицуулбал яг ч ийм биш . Дорждагва бол ноён нурууг алдаагүй өнгө тоон нь арай эртний хэлбэртэй дуулсан. Өөрөө өтгөн тембэртэй хүн учир эртний дуучдыг сайн сонсож дуулсан нь өөрт нь тохиромжтой байсан. Тэр өв соёлыг нэг хүн ч болов аваад үлдэнэ гэдэг сайн зүйл юм. Бүх юм ижилхэн байх шаардлагагүй.
“Эрхэм төр” дууг анх Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар талаар, Ардын жүжигчин Норовбанзад Түвшинжаргал, Базарбат, Нэргүй, Баттөмөр нарт зааж байсан байна. Эдгээр дуучид 1980-аад оноос эхэлэн олны сонорт хүргэж энэ цагийн дуучддад өвлөжджээ. Энэ талаар МУГЖ уртын дуучин Д.Баттөмөр ийн хуучиллаа.
/Яриа/ Баттөмөр: “Эрхэм төр" төр гэдэг чухал юм байдаг.Бат бөх эрүүл саруул уур амьсгалтай ард түмэн , дайчин шалмаг гэдэг ч юмуу эд бүгдийг билэгдсэн үг. Энгийн олон нөхөдтэйгээ эгнэгт хамт жаргая гэдэг үгнүүд байдаг тэгэхээр бат бэх эрүүл саруул амьдрах ёстой гэсэн сургаалийн дуу байх нь тиймээ. Богинийн дуунууд ч ялгаа байхгүй. Үгэн дотроо дууныхаа хэлэх гэсэн санааг илтгэдэг. Аргалд явсан ижий минь гэхчлэн айхтар хэлдэг шүү дээ. Тэгэхээр эрхэм төр тиймэрхүү агуулгатай дуу гадаад дотоодод бид ч их дуулсан. Бид дөрөв дуулахаас өмнө Зэвгээ гуай л радиогоор дуулдаг байсан. Урьд нь хэн ч хаана ч дуулж байгаагүй . Дорноговийн Зэвгээ гуай л “Эрхэм төр” , Энх мэндийн баяр гээд дуулж гаргаж ирсэн хүн.
Төр гэдэг үгийн эртний ухагдахуун бол ёслол гэсэн үг . Одоо ч гэсэн манай монголчууд төрийн ёсоор , ёс төрөөр гэж хэлдэг тэгэхээр энэ талаас ойлгосон . Төр гэдэг бол монголын ёсыг хэлнэ. Төрт ёс бол ариун их , төрийн ёсоор бид найр хуримаа хийж гал голомтоо бадраадаг.“Эрхэм төр” дуу ч мөн ёс төртэй холбоотой утга агуулгатай дуу юм. Бидний өвөг дээдэс энэ дууг эртнээс зохиогоод найр наадам зан үйлийнхээ тэргүүнд энэ дуунуудаа залдаг байжээ.
/ Яриа / М. Дорждагва: Энэ дууг бид хоёр хээр гадаа хөдөө дуулж хуурдаж явж байсан. “Эрхэм төр” гэдэг дууг дуулж байхад сонин үйл явдал болж байсан. Тэр дууг дуулж байхдаа ерөөсөө ямар ч юм сонсохгүй байсан. Ямар нэгэн дуу чимээ шуум байгалийн ч юмуу надад зөвхөн морин хуур сонсогдож байсан. Тулгаад зөвхөн дуу сонсогдож байсан гэж байгаа тэрнээс голын хөвөө гэх зэрэг огт сонсогдохгүй байсан гэсэн. Энэ есөн дууг дуулахад бид хоёр маш их сүү уусан. Сүүгээр хоолойгоо ундаалж, морин хуураа мөн хуурчаа сүүгээр ундаална . Оюун санаанд ямар нэгэн өөрчлөлт гарах вий элдэв янзын юм болох вий гэж айж байсан учир дандаа сүүгээр ундаална байгаль дэлхийдээ дээжээ өргөнө ингэж дуулж хүндэтгэж , хүндэтгэлтэй хандахаас гадна нөгөө талаараа айж байсан Эртний зарим том дуучид бөө дуудаж дуулж байсан үе бий. Тэгэхээр энэ дуунд далдын ямар нэгэн хүч байгаа Жишээ нь Хархираа Түргэний уулсын ойролцоо нэг том дуучин байсан байна л даа. Тэр дуучныг дуулахаар ан амьтан зогсоод сонсдог чив чимээгүй болдог. Түүнийг нь далимдуулаад анчид ар хударгаар нь ан хийдэг байсан гэдэг. Завханд онгорхой Адьяа гэдэг дуучин байсан байна. Энэ дуучинг дуулахаар хун чуулдаг байсан гэх яриа бий. Энэ мэтийн олон домог бий.
Уртын дуу өөрөө байгаль дэлхийн араншинд нөлөөлдөг гэх балар эртнээс үүсэлтэй зөн совингийн сэтгэлгээ 20-р зууны эхэн үе хүртэл монголчуудад өвлөгдсөөр байжээ. Харин одоогоос 100 шахам жилийн өмнөөс нүүдлийн соёл иргэншл суурин соёл иргэншил рүү шилжиж эхэлсэн түүхэн өөрчлөлтөөс шалтгаалж нүүдэлчин монголчуудын язгуур уртын дууны өвийн зарим хэсэг нь шинэ цагийн тайзны урлагт шилжжээ. Ингэснээр “Тайзны уртын дуу” гэх шинэ төрөл зүйл монголчуудын уртын дууны урлагийн ертөнцөд бий болох суурь тавигджээ. 20-р зууны эхэн үеийн монголчуудын соёл иргэншлийн энэхүү өөрчлөлт нь өнгөрсөн бүх цаг үеүүдийнхээсээ хамгийн өргөн далайцтай төдийгүй буцалтгүйгээр суурин соёлд шилжиж эхэлсэн онцгой цаг үе гэж эрдэмтэд үздэг. Нийгмийн системийн өөрчлөлт нь ухамсар, сэтгэлгээний өөрчлөлтийг дагуулдаг тул суурин иргэншилд дасан зохицож байгаа монголчуудын уртын дуунд хандах хандлага, ойлгох ойлголт нь ч цаг хугацааны уртад өөрчлөгджээ. Тиймээс орчин цагийн монголчууд уртын дууг зөвхөн тайзан дээр дуулж байгаагаар нь төсөөлөн ойлгодог болжээ. Харин тайзан дээр дуулж байгаа тэрхүү “Эрхэм төр нь” нэгдүгээрт: зан үйлийн үүрэг оролцоогүй, хоёрдугаарт:шүлэг найргийн утга агуулга нь бүрэн гүйцэд биш, гуравдугаарт: дуучнаас зөн совингийн болон ариусал бясалгалын чадвар шаарддаггүй ажээ. Нөгөөтэйгүүр, “Тайзны уртын дуу” нь монголчуудын түүхэндээ хүрээгүй ололт амжилтыг авч иржээ. Энэ чухал ололт нь богино хугацаанд хүчирхэг хоолойгоор дуулах, мөн хэнд ч хэзээ ч хаана ч уртын дууг сурталчлах өргөн боломжийг бүрдүүлсэн “Сурталчилгааны сонгодог төрөл” юм.
“Эрхэм төр” хэмээх дуутай холбоотой байж болох эх сурвалжын талаар эрдэмтэн судлаачаас тайлбар авлаа. ”Эрхэм төр” дуу үг талаас нь авч үзвэл эхэндээ дөрвөн улирлын тухай дуу байсан болов уу. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн архивт байгаа “Зуны зуслан” гар бичмэлд бий. Хуучин цагийн уртын дуу төр шашны тухай бадгаар эхэлдэг. Баруун халхчуудын дуулдаг байсан бас нэг хувилбар байдаг. Нутгийнхаа нэрийг оруулсан болохоос дөрвөн улирлын тухай өгүүлсэн хэмээн Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам хуучиллаа.
/ Яриа/ С. Дулам: Эрхэм төр” гэдэг дууны талаар нэг таамаглал бий. Энэ дууг зохиогч нь Сайн ноён хан аймгийн Сайд вангийн хошууны На Ван гэдэг уртын “Сайхан хүрэн”-ийг зохиосон тэр ноён байж магадгүй гэж бодож байна. “ Уртын сайхан хүрэн” гэдэг дууг зохиосон гэдэг нь бол баттай. Манай алдарт Дуучин Жагзвын Дорждагва гуай Бадраа багштай ярилцсан тэр ярилцан яриан дотроо их тодорхой дурдсан байдаг юм. Манжийн хаан бол Монголын ноёдууд дотроос гүний нутаг, гол нутгийн нэг ноёныг өөрийн хүргэн болгох улс төрийн сонирхолтой байдаг. Өөрийнхөө Манжийн хааны гүнжид нөхөр болгох.Тэр Манжийн хааны гүнж нь зүс царайг нь хараад сайхан ноён байвал сууна гэдэг. Тэгээд Сайхан На Ван гэж нэртэй сайхан хүн байсан. Манжийн гүнж бол олон ноёныг голсон боловч На Ванг бол нөхрөө болгомоор байна гэж хэлсэн гэдэг. Тэгээд хааны зарлиг буучхаар яах ч аргагүй шүү дээ. Өөрийнхөө нутаг хошуугаа орхиж явах болсон. Магад дарь гэж сайхан хатнаа төрхөмд нь буцааж хүргэж өгөөд. Мянган буу гэдэг хамгийн сайн мэргэн түшмэл байсан. Түүндээ нутаг хошуугаа даатгаад, алс холыг зорьсон.
Монголчуудын зүсний билэгдлийг бас нэг өөр юмтай заавал хавсруулж билэгддэг. “Уртын сайхан хүрэн” гэдэг дууны “Уртын гэдэг нь зүгээр урт биетэй гэсэн үг биш. Урт холын замыг туулах чадвартай гэсэн утгатай. Гурван тамирынхаа нутгаас Бээжин ортол их олон сар явна. Одоогийн Эрээн хотоос цааш байдаг Сөндийн тал ч гэж нэрлэдэг газар бий. Тухайн үед бол Тамчын шар тал гэж нэрлэдэг байсан. Усгүй ийм шар тал байдаг. Түүнийг туулахад хүн мал хоёр бол бараг ангаж үхдэг ийм газар. Энэ талыг туулах замдаа На Ван “Уртын сайхан хүрэн” гэдэг дуугаа зохиосон гэсэн домог яриа байдаг гэж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам хэллээ.
/Яриа/ Дулам: Яг түүнтэй хамаатай үг бадагууд энэ дуунд маш их гарч байна. Баянхангай Тамир минь
- Элдэв зүйлээр гүйцэлдээд
Сэтгэлийг сайхан хангасан
Тийм чухаг хангай буй
Намар болохын хэрд
Нарийхан халиун буга нь
Хангинан дуудаж байх чинь
Ханшгүй хангай буй за
Сэвгүй сэтгэлтэй
Хоёргүй хайртай чамайгаа
Хол тэнд суухад чинь
Элдэв зүйлээр эрэгдэнэ. Эрэгдэнэ гэдэг нь сэтгэл нь чангарахын нэр ш дээ. Бээжинд суусан тухайгаа өгүүлж байгаа нь тэр наа вангийн үйл явдалтай айхтар зэрэгцэж байна гэж би зүгээр таамаглаж байна. Хүний нутагт эзэн хааны хүргэн болж байгаа нэртэй боловч нутгаа санаж зовсон хүний дуу шүү дээ. “Эрхэм төр” дуунд энэ үгнүүд байгаад байгаа нь На Ван Уртын сайхан хүрэн”-ийг зохиохдоо хамтад нь зохиосон байж магадгүй. Хэдий манжийн төрийн хүргэн гэж нэрлэгдэж явж байсан ч гэсэн. Өөрийнхөө монгол төрийг бодож “Эрхэм төр” гэж нэр өгсөн юм болов уу гэсэн тийм таамаг байна. Тэр таамаглах батлах мөрүүд нь энэ дуун дотроо бол гараад байна л даа.
“Эрхэм төр” хэмээх айзам уртын дууг та бүхэндээ хүргэхийн тулд эрдэмтэн судлаачид, уртын дуучид, багш нарын мэдлэг, санаа оноог сурвалжлан авч сонордууллаа. Бидний энэ нэвтрүүлэгт оролцсон эрхэм зочдын мэдээллээс үзвэл: “Эрхэм төр” хэмээх айзам уртын дуу нь монгол үндэстний тодорхой нэг угсаатны хүрээнд дэлгэрсэн дуу бололтой. Тухайлбал, баруун, зүүн халх, боржигин, баянбараат гээд халх угсаатны салаа салбар, үр хойчид ахуйн болон байгалийн зан үйл, бэлгэдэл, зөн совингийн үүрэгтэй дуулагдсаар 20-р зууны эхэн үе хүрчээ. Цаашилбал, нутаг нутгийнхаа хэмжээнд өөр өөрийн ая дантайгаар дуулагдсаар 21-р зууны эхэн үетэй золгожээ. Цаашид “Эрхэм төр” хэмээх энэхүү уртын дуу нь тайзны урлагийн орчноор дамжуулж монгол дуу хөгжмийн онцлог, монгол хүний уран сайхны сэтгэлгээ, дуу хоолойн чадамжийг дэлхий ертөнцөд таниулах болно. Тухайн дууг сонссон хүний сэтгэл нь ариусан дэлгэрч, энэхүү дууг сонссон байгаль дэлхийн эзэн лус савдаг нь баясан цэнгэж, эгэл хүн зоныг итгээдийн шоглол, гай түүтгэрээс хамгаалан амар жаргаах биз ээ
Үзсэн: 4264
Tweet