Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Билгийн тооллын битүүн”


Densmaa 2018-02-14 07:02

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Энэ өдрийг монголчууд тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ.

     Монгол үндэстэн өв соёл, зан заншил, өвөг дээдсээрээ бахар­хаж, Монгол гэдэг угсаа гарлаараа бахдах нэгэн сайхан баяр бол цагаан сар юм. Монгол үндэстний Цагаан сарын баяр Монгол Монголоороо үлдэ­хийн жинхэнэ утга агуулга билээ.

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн “Лавай” хэмээх өвлийн адаг сарын гучны буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлдэг. Энэ өдрийг монголчууд тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ.  

Битүүлэх ёсны бэлэгдлийг манай эрдэмтэн судлаачид “байгаль ертөнцийн бодитой үзэгдлээс, цаг улирлын халагдан солигдох байдлаас хүн ардын нэгэн жилийн мөчлөгт үйл хэргийг үдэн дүгнэж, дараа жилийн шинэ мөчлөгийг угтаж буй зан үйлээс бүрдсэн давхар давхар утгатай юм. Үүний зэрэгцээ маргааш гарах билгийн улирлын шинэ жил, хувь сар, шинийн нэгний цагаалга ёслолтойгоо зааглан салах хийгээд нэгдэн бүрдэх өвөрмөц учир утгатай” гэсэн байдаг.

Монголчууд Лавай сарын хорин есөн буюу битүүний урд өдөр айл хотлоороо цагаан сардаа бэлтгэнэ. Чингэхдээ бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хот хороогоо засч цэмцийлгэдэг.

Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг, авлагаа дуусгаж, урьд нь үл ойлголцож, эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч эв эеэ засдаг заншилтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүний өдөр сайн сайхан, бэлэг ерөөлтэй үг хэлэлцэхийн зэрэгцээ халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, эд зүйлс, мал хуйгаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэдэг.

Ингээд та бүхэнд битүүний өдрийн зарим зан үйлийн талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн угсаатан судлал нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч Б.Баатархүүгийн яриаг хүргье. 

  Б.Баатархүү: Битүүний өглөө уламжлалт заншлаараа гэрийн эзэн шинийн 1-нд мөргөх индэр, балин, сүлдний овоонд өргөх зүйлээ бэлтгэдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хот айлын гэрийн ойролцоо цэвэр мал ауйгаа хээгазар, эсвэл уул овоотой газраар, зарим газар нар мандах зүгт, эсвэл гэрийн баруун хойд талд индэр гэдэг овоогоо засдаг. Зарим нутагт тухайлбал, баруун монголчууд голдуу Индэр балин гэж нэрлэдэг. Харин халхчууд эзэн сүлдний овоо гэж нэрлэдэг. Энэ овоогоо засаж янзалдаг. Учир нь шинийн нэгний өглөө эрт энэ овоон дээрээ гарч эзэн сүлдэндээ мөргөх зан үйлээ гүйцэтгэдэг учраас битүүнд энэ овоогоо засаж янзалдаг. Цас орсон жил цасаар угааж янзалдаг ч юмуу эсвэл урьд жилийнхээ овооны чулууг засаж сэлбэдэг. Мөн битүүний орой идэж уух зүйлтэй холбоотой зан үйл гүйцэтгэнэ. Уламжлалт ойлголтоор бол ер нь цагаан сар цагаан идээний зүйл, махан тайлганы зүйл гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Эрт үед цагаан сарыг намар тэмдэглээд голдуу цагаан сарыг махан тахилгаар өнгөрөөдөг байсан бол өнөө үеийн ойлголтоор битүүн нь махан идээний өдөр, харин шинийн нэгэн бол цагаан идээний өдөр байдаг. Тиймээс битүүний өдөр мах шүүсээ бэлддэг. Өдөр нь битүүний орой гүйцэтгэх зан үйлийн дагуу махаа чанана. Хуучин цагт монголчууд заавал ууц гэлтгүй энгийн мах бэлддэг байсан. Баяд, ноёд, хаад, өндөр настай хүмүүс зөвхөн ууц чанаж бэлддэг байжээ. Мөн шинийн өглөө уул овоондоо өргөх цацлын мах бэлддэг. Харьцангуй сүүл үеэс эхлэн монголчууд бууз, банш, хуушуур тэргүүтнийг хийдэг болсон байгаа.

    Битүүний өдөр гэрийн эзэн битүүлгийн мах шүүсээ чанахаас гадна  мөн оройны зан үйлдээ хэрэглэх үхрийн чөмөг чанадаг. Харин гэрийн эзэгтэй исэг цагаагаа бэлтгэдэг ёстой.

Хуучин цагт монголчууд битүүлгийн шүүсэнд эрүүгий нь заагаагүй хонины битүү толгой эсвэл үхрийн өвчүү, мөн дал дөрвөн өндрийг хүндэтгэлийн махан зоог болгон тавьдаг байжээ. Харьцангуй сүүл үеэс монголчуудын дунд битүүлгийн шүүсэнд хонины ууц тавих ёс түгээмэл тогтоод байгаа юм. 

Мөн битүүний өдөр махан идээнээс гадна их таваг засдаг. Их тавгийг өмнө нь цагаан идээгээр засдаг байсан. Орчин үед тавгийн янз бүрийн боов гарсантай холбоотойгоор Их тавгаа хэвийн боовоор засах заншил нийтлэг болжээ. Монголчууд тавгийн боовны үеийг ихэд чухалчилдаг. Тухайлбал төрийн ихэс дээдэс, өндөр настантай айл тавгаа 7-9 үеэр засна. Харин жирийн айл өрх тавгаа 3-5 үеэр засдаг ёстой.

Битүүлэх ёслолыг нар шингэсэн хойно эхэлдэг. Битүүний үдэш тэнгэрт анхны од түгсэний дараа айл бүр ширээндээ их таваг, цагаан идээ, мах шүүсээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж бурхандаа дээжилнэ. Ингээд битүүлэг эхлэхийн өмнө гэрийн бүх хүмүүс шинэ дээл, хувцсаа өмсөж, ширээгээ тойрон сууцгаадаг.

Гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг өрхийн тэргүүлэгчид эхлэн аягалж өгөөд дараа нь бусад хүмүүст нар зөв эргүүлэгтэй өгдөг ёстой.

Ингээд битүүлгээ хөндөөд эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Битүүлэг хөндөнө гэдэг нь битүүлгийн махан идээндээ гэрийн эзэн эхэлж гар хүрч, битүүлгээ эхлэхийг хэлдэг.

Мөн битүүний өдөр гүйцэтгэдэг нэгэн өвөрмөц зан үйл нь битүү хагарах ёс юм. Ингээд та бүхэнд битүү хагарах ёсны талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн угсаатан судлал нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч Б.Баатархүүг үргэлжлүүлэн ярилаа.

    Б. Баатархүү: Битүүнд битүү хагарах зан үйл гүйцэтгэдэг. Баруун монголчууд голцуу үхрийн дунд чөмгийг ташиж битүү гаргадаг. Халх монголчууд хонины битүү чанасан толгойг гэрийн эзэн эхнэр хоёр битүү хагарлаа хэмээн заадаг байгаа. Тухайлбал халхын зарим нутагт битүүний өдөр хонины битүү толгойг хоймортоо хошууг нь хойшоо харуулж тавиад, яг үүр цайхын өмнө, халхчуудын яриагаар гарын алганы заадал харагдах үе гэж яриад байгаа тэр үед. Өөрөөр хэлбэл өглөө ч биш, шөнө ч биш, үүр шөнийн заагаар гэрийн эзэн хонины битүү толгойгоо заадаг. Битүү толгойгоо заагаад гэрийн хоймортоо хошууг үүд рүү харуулж тавьдаг. Энэ нь битүү хагарч байгаа зан үйл гэж үздэг. Орчин үеийн ойлголтоор бол он солигдож байна гэсэн үг юм.

    Битүү хагарах ёстой холбоотойгоор битүүний орой чөмөг чанаж, ташдаг уламжлал нь нөгөөтэйгүүр монголчуудын домгийн хийсвэр сэтгэлгээгээр Балданлхам бурхныг ундаалах зан үйлтэй холбоотой юм. Одоо та бүхэнд Битүүний өдөр үйлддэг нэгэн сонирхолтой уламжлал болох Балданлхам бурхныг ундаалах зан үйлийн талаар сонирхуулъя.

     Монголчууд эрт дээр үеэс Балданлхам буюу Лхам хурах ёс үйлдэж, ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж иржээ.

Гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон, айл гэрийн сүлд хийморийг тэтгэж, аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны хонгор халзан луусыг ундаалж буйг бэлэгдэж мөсийг, бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ болдог гэж будааг гэрийнхээ үүдний тотгон дээр тавьдаг уламжлалтай. Орчин цагт монгол айл өрхүүд тахилын аяга эсвэл жижиг хундага мэт зүйлд ус хийж хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тавих болжээ. Харин эрт цагт арвай буудай тавьдаг байсан бол одоо цагт шар эсвэл цагаан будаагаар орлуулан тавих болсон юм.

Мөн муу зүгийн ад, чөтгөрийн хорлолыг хаах үүднээс зүүн тотгон дээр харгана, шарилж тавьдаг ёс бий.

Балданлхам бурхны тухай Чойжин ламын сүм музейн үзмэр тайлбарлагч Г.Сансарчимэгийн яриаг хүргэе. 

    Г.Сансарчимэг: Арван хангалын нэг Балданлхам бурхан. Балданлхам бурхан арван хангал дотроос цорны ганц эм дүрээрээ оршиж байдаг бурхан юм. Бид нар балданлхам бурханыг их сайн мэднэ. Манай Чойжин ламын сүм музейн зуу  сүмд байгаа балданлхам бурханы амандаа зуусан хүүхэд богцондоо хийж байгаа хүүхдүүд нь домгийн шинж чанартай юм. Ер нь аливаа бурхад өөр өөрийн гэсэн домог тууж магтаалтай байдаг. Хүмүүс балданлхам бурханы домгийг олон төрлөөр ярьдаг. Энэ дундаас би нэг  домгийг нь ярьж өгье. Одсүрэн бурхны үед мангас гарч иржээ. Тэр мангасын шидийг  10 хангалаас нэг нь ч дийлэхгүй байсан учраас бурхан багш балданлхам бурхныг дарж ир гэж явуулсан гэдэг.  Балданлхам бурхан өөрөө 10 хангалаас цорын ганц эм дүрээр оршиж байдаг учраас эм шуламын дүрд өөрөө хувилаад мангастай суудаг. Тэгээд суух явцдаа хайр сэтгэлтэй болоод хоёр хүүхэд төрүүлдэг, бурхан багшид ам тангарагаа өгсөн учраас бурхны сургаалдаа үнэн ч байх учраас мангасаа дарсан байгаа. Хоёр хүүгийх нь нэг яг аавыгаа дууриасан мангас шиг хүү, нөгөөдөх балданлхам бурхныг дууриасан бурханлаг хүү  байгаа.  Энэ амандаа зуусан нь аавыгаа дууриасан нь бөгөөд амандаа суугаад тэжээгээд явж байдаг. Хэрвээ сул тавьбал хүмүүн болоод зургаан зүйл хамаг амьтанд муу зүйл хийгээд явах учир амандаа зуун тэжээнэ гэж бурхан багшид ам тангарагаа өгөөд тэжээгээд явж байдаг, Харин өөртөөгөө адилхан хүүхдийг баруун хөлнийхөө богцонд тэжээгээд аваад явж байдаг. Учир нь том болоод бурханлаг хүү болох учир бурхан маань өөрөө богцондоо тэжээгээд явж байдаг утга учиртай юм.

     Битүүний орой хүн бүхэн битүүлгийн идээ ундаанаас цадтал идэж, ууж гүйцсэний эцэст хөгшид үлгэр тууль ярихаас эхлээд хүүхэд багачууд шагайгаар алаг мэлхий өрөх, морь тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нуух, хорол зэндмэни эвлүүлэх зэргээр тоглодог. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай юм.

       Битүүний орой тоглодог тоглоом наадгайнаас гүн утга учир, бэлэгдэл бүхий алаг мэлхий өрөх болон хорол үүчүүр тоглоомын тухай танилцуулъя.

Монгол тоглоом наадгай нь манай ард түмний олон үед бүтээсэн сэтгэлгээний гайхамшиг, хүмүүжлийн чухал хэрэгслүүр, ёс заншил соёлын үнэт өв юм. Судлаачдын тооцоолсноор монгол тоглоом наадмын 3000 орчим төрөл бий  гэж үздэг. Тухайлбал хөлөгт, оньсон, оюун түлхүүр, ахуй төрлийн, ээдрээ тайлах наадам зэрэг олон төрөлд хуваагдана. Эдгээр төрөл зүйлийн тоглоом наадмаас баяр ёслолын үеэр, тэр дундаа битүүн, цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог уламжлалт ёслолт, зан үйлийн тоглоом байдаг. Энэ нь ихэвчлэн алаг мэлхий өрөх, хорол үүчүүр тоглох гэх мэт бэлэгдлийн хувьд маш гүн гүнзгий тоглоомууд юм. Алаг мэлхий өрөх тоглоомын утга бэлэгдэл нь гэхэд шинэ хуучин он солигдохын зааг дээр орчлон ертөнцийг шинэчлэх, өөрчлөх бэлэгдэл болгож, шинэ ондоо өлзий билэгтэй, сайн сайхан явахын ерөөлийг дэвшүүлсэн тоглоом юм.

Монголын уламжлалт тоглоом наадгайнаас цөөнгүй тоглоомыг зун тоглодоггүй. Тэнгэрийн дуу, аянга цахилгатай үеэр аюултай гэж үзэж, ганцхан өвөл тоглодог. Тэдгээр тоглоомын тоонд энэхүү алаг мэлхий өрөх тоглоом ордог. Алаг мэлхий өрөх тоглоом угтаа монгочуудын ертөнцийн үүслийн домогтой холбоотой юм.

Алаг мэлхий өрөх тоглоомыг хэрхэн өрж, тоглодог тухай доктор, профессор С.Дулам ийнхүү ярьж байна.

      С.Дулам: Ертөнцийг анх үүсэхэд, эх захгүй нилий далай байх үед бурхан аварга алтан мэлхийг харваж, нум сумных нь сум нь төмөр зэвээрээ баруун тийшээ хараад, модон ишээрээ зүүн тийшээ хараад, мэлхийн амнаас их гал бадарч, мэлхийн араас их шингэн мөр үзэж, мэлхийн нуруун дээр юмуу элгэн дээр нэг атга шар шороо цацаад газар дэлхийг үүсгэсэн домогтой шууд хамаатай тоглоом наадгай байгаа юм. Битүүндээ өрөөд шиний нэгэндээ тоглодог. Тэгээд битүүндээ өрөхдөө 91, 108, 128 шагайгаар өрж тоглодог. 128 шагнайны 92-оор яст мэлхийн толгойг өрнө. Энд гурван шагай орно. Хүзүү нь хоёр мөрөөр 6 шагай. Гурав гурваар  хоёр мөрөөр, нуруу нь зургаан эгнээ 36 шагай, дөрвөн шилбэ тус бүр дөрөв буюу арван зургаан шагай, таван хумстай сарвуу нь тус бүр дөрөв тэгээд хорин шагай, нүд хоёр, чих хоёр, бөөр хоёр, зүрх нэг, давсаг нэг, хамрын хоёр нүх, хошуу нэг гээд өрдөг. Энэ дотроос хамгийн сонирхолтой нь гурван хар шагайгаар алаг мэлхийн шээс буюу усыг, дөрвөн улаан шагайгаар хэл буюу гал амьсгалыг, 5 хөх юмуу ногоон шагайгаар зүүн гар талаас нь цухуйж байгаа сумны модон ишийг, тав, тав, зургаа, зургаан шагайгаар шороо, уул, огторгуй, салхи дөрвийг, хоёр цагаан шагайгаар баруун талаас нь цухуйж байгаа сумны төмөр зэвийг тус тус орлуулна. Сүүлийнх нь нийлэхээрээ 36 шагай болдог. Энэ дотроо наадагчдын хэн нь шинийн нэгэнд гарч байгаа жилтэй ижилтэй жилтэй хүн эхлэж нэг шоо орхиод, цаашаа нар зөв дамжин ээлжилж орхино. Хоёр нүх буувал төмрийг, таван нүх буувал модыг юмуу шороо, уул хоёрыг, зургаа нүх буувал салхи, огторгуйг хоёрын нэгийг, гурван нүх буувал усыг, дөрвөн нүх буувал мэлхийний хэлийг авах ёстой. Ингэж энэ орхилтоороо мэлхийн бие, эрхтнийг буусан нүхнийх нь тоонд таарсан шагайнд авч наадна. Тухайлбал нэг нүх буувал зүрх юмуу давсаг хоёрын аль нэгийг авна. Хоёр нүх буувал нүд, чих, бөөр, хамар, хошуу, хүзүүний үений аль нэгийг авна, гурван нүх буувал толгойг авна, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг авна.  Таван нүх буувал сарвууны аль нэгийг авна, зургаа нүх буувал зургаа нурууны аль нэг юмуу хүзүүний зургаан шагайг авна. Харин шооны нүх гараад дуусчихсан тоогоор буувал тэр тоотой юмыг буцааж өрнө. Ингэж наадсаар алаг мэлхийгээ авч дуусахад хэн олон шагай авсан нь түрүүлдэг. Иймэрхүү журмаар ертөнцийн таван мах бодь, таван өнгө, таван зүг чигийг тогтоож, шинэ ертөнцийг бүтээж байгаа гэсэн утгатай. Жишээлэхэд ийм гайхамшигтай сайхан тоглоом байгаа юм. 

        

    Битүүний өдөр тоглодог өөр нэг тоглоом бол Хорол. Манжийн үед манай улсад ясаар хийсэн даалуу тоглоом дэлгэрсэн байдаг. Энэхүү ясан даалууны цаад утга монголчуудыг гуйланчлал, үгүйрэлд оруулах гэсэн санаатай байжээ. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилгоор монголчууд хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд арван хоёр жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гэсэн гурван толгой мод байна. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, 5-6-гаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог ажээ. Хорол тоглоомоор наадагчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг мөн харилцан дуулдаг байна.

       

    Ирж байгаа нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сар   шинэ дээ сайхан шинэлээрэй.                     

 

 

 

 

 

Үзсэн: 3610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна