Монгол төрийн уртын дуу- “Энх мэндийн баяр”
М. Дорждагва: “Энх мэндийн баяр” нь хотол түмнээрээ энх мэнд, амар жаргалтай амьдрахыг билгэдсэн, айзам уртын дуу юм.
Монгол уртын дуу ард түмний эртнээс уламжлалтай зан заншил, түүх соёл, гоо зүйн, ёс суртахуун гүн ухаан, аж амьдрал зэрэг олон зүйлийг цогц байдлаар агуулж байдаг. Түүнчлэн хүмүүжлийн үүргийг давхар агуулж байдгаараа онцлогтой юм. “Энх мэндийн баяр” нь хотол түмнээрээ энх мэнд, амар жаргалтай амьдрахыг билгэдсэн, айзам уртын дуу юм. Уг одоогийн төв халхын нутаг, хуучнаар халхын Цэцэн хан аймгийн Боржигин Сэцэн Вангийн хошуунд найрын төгсгөлд “найр жаргаах дуу” болгон дуулдаг байсан бөгөөд энэ уламжлал өнөө ч хадгалагдсаар ирсэн. Энэ дууг яг хэдий үед зохиогдсон нь тодорхойгүй. Гэвч зан үйл билэгдлийн талаас нь авч үзвэл Манжийн дарлалын үед Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдэл дахин сэргэлтээ билэгдэж энэ дууг дуулдаг байсан байх магадлалтай гэж судлаачид үздэг. Түүнчлэн энэхүү дуу нь Боржигин овогтнуудад уламжлагдсан төдийгүй төрт ёсоо билэгдэж Мөнх тэнгэртээ зориулж үе үеийн нэр цуутай дуучид дуулж өвлүүлж үлдээсэн гэдгийг уртын дуучин, уртын дуу судлаач Мягмарсүрэнгийн Дорждагва онцолж байлаа.
/Яриа/М.Дорждагва: Монгол төрийн бүтээлийн есдүгээрт орсон найрын жаргаадаг талаас нь авч үзээд Энх мэндийн баяр дуугаа дууныхаа есдүгээрт оруулсан юм. Энх мэндийн баяр гэдэг уртын дуу бидний мэдэж байгаагаар 3 аяаар дуулагдаж байна. Энэ гурван аяны Норовбанзад гуайн дуулсан хувилбарыг тайзан дээр дуулахад зориулж буй болгосон гэж дам сонсож байсан. Ая аялгуу үгийг нь хасаж жижгэрүүлсэн гэсэн үг юм. Нөгөө нэг аялгуу нь бол Дундговь аймгийн Дэрэн сумын Дадьсүрэн гуайн таниулсан Энхмэндийн баяр дуу байна. Энэ дуу боржигин аятай нүсэр том эртний үг аялгатай . Энэ дуунаас үндсэндээ Норовбанзад гуай дээж аваад тайзны дуу гарган авсан гэсэн үг юм.
Эсгий туургатнаараа ах, дүү мэт эвлэлдэн нэгдэх амар амгалангийн Тэнгэрлиг хувь заяа Монголчуудийг ивээх учиртайг бэлгэдсэн энэ дуу халуун ам бүлээрээ аз жаргалтай байж, улс хотлоороо эрх чөлөөтэй, тусгаар тогтнон оршин байхыг ерөөсөн байдаг. 20 гаруй минут үргэлжлэх энэ дууг залуу дуучин Дорждагва дуулахдаа алдарт уртын дуучин Жагзавын Дорждагвын арга барилыг баримжаалсан байна. Дуулах арга барилын хувьд бясалгалын орчныг оюун санаандаа бүрдүүлж байж дуулах учиртай гэдийг тэрээр онцоллоо.
/Яриа/ Жагзавийн Дорждавга гуайн дуулж үлдээсэн нэг ая байна. Үүнийг Дорждавга гуай өөрөө Баянбараат ая шүү гэж хэлж бичиж үлдээсэн байгаа. Энэ ая нь эмэгтэй гэхээсээ илүү эрэгтэй хүнд тохиромжтой. Баттулга бид хоёр бол Баянбараат аяаар нь 20 гаруй минут дуулсан. Үгийг нь ном сурвалжаас харсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн 2008 оны говийн халхын уртын дууг судлах шинжилгээний ангийн судалгааны бичвэрээс эх авсан. Тэр үг нь Дундговь аймгийн Дадьсүрэн гуай нь бор авдраа ухаж гаргаж бидэнд тэмдэглүүлсэн үг. Энэ үгийг бичмэлээр байсан үгтэй онолдуулаад, дэс дараа учир зүйг нь олж тавиад дуулсан юм. Ингэж Монгол төрийн уртын дуу цомогт багтсан Энх мэндийн баяр гэдэг дуу бий болсон. Энэ дууг 2 жил гаруй дуулж байж бичүүлсэн. Бадаг тус бүрийн дунд нь найрын түрлэг гэж байдаг. Түрлэгийг хийсэн. Хамгийн сүүлчийн түрлэг нь "хурай хурай хурай " гэсэн түрлэг байгаа юм. Түүхэн хөгжил талаас нь харах юм бол их эртний дуу гэдэг нь хараахан мэдэгдэхгүй байгаа. Ямартай ч боржигин үеийн дуу. Боржигон овгийн халхчууд найрынхаа төгсгөлийг хийдэг байсан дуу юм. Тэгэхээр энэ дуу ордонд дуулагдаж байсан дууны эх сурвалжтай байж магадгүй. Дуулах аргын хувьд бол боржигон аялгуу нь бол их сэргэлэн, баян бараат ая нь бясалгалын шинжтэй байдаг. Яг тэр зан үйлийнхээ орчинд нь эмэгтэй хүнд хүнддэж магадгүй гээд эрэгтэй хүнээр дуулуулдаг байсан болов уу. Харин тайзан дээр бол орчин тойрон орон зайны хувьд өөр болохоор бас ганц бадаг учир эрэгтэй эмэгтэй аль ч дуулж болох болов уу гэж бодож байна.
Баянбараат аялгууг шавь аялгуу гэдэг. Учир нь бурхан шашин, лам нарын уншлага дуудлагын өнгө аястай байдаг. Богдын шавь болгосон барга отго гэж байж. Энэ отогт лам хуварга голдуу хүмүүс байсан учир бясалгалын сэтгэлгээ нь давамгайлсан байна. Энэ аялгуугаар эрэгтэй хүн дуулахад илүү тохиромжтой. Баянбараат шавь аялгууг 17,18-р зууны үед бий болсон гэж судлаачид үздэг. Баянбараат аялгууны бясалгаж амьсгал авах, амьсгалхуйн өвөрмөц онцлог нь уртын дууны сонгодог дэг сургууль бий болоход чухал нөлөө үзүүлжээ. Уртын дуу судлаач, залуу дуучин Дорждагва “Энх мэндийн баяр” хэмээх энэ дууг бүрэн эхээр нь дуулахдаа 1, 3 дугаар бадгийг 1984 онд хэвлэгдсэн “Монгол ардын уртын дуу”, 2, 4, 5-р бадгийг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн 2008 оны “Говийн бүсийн уртын дуу судлах хээрийн шинжилгээний ажил”-ын эх хэрэглэгдэхүүнээс авч сонсогч олны хүртээл болгосон байна. Түүнчлэн “Энх мэндийн баяр” дууг “Энх мэндийн жаргал” хэмээн нэрлэдэг байсныг үгүйсгэхгүй гэж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам тайлбарлаж байна.
/Яриа/С.Дулам: Нутаг нутаг өөр өөрийн найрын дэгтэй. Тухайн найрыг жаргаадаг тусгай дуу бий. Хоорондоо давхцах нь ч ховор. Зарим газар “Хамтарган баахан шарга”, “Жороо жаахан улаан”, “Гүн зээрд морь”, “Хөхөө шувуу”, “Нарийн шарга” зэрэг олон дуу байна. Эдгээрийн нэг нь Энх мэндийн баяр дуу юм. Жаргаа дуу нь маш учиртай. Жаргаа дууг дуулаад эхлэхээр найрлаж байгаа олон найр өндөрлөж байгаа юм байна. Энэ айлын айраг, архи нь чилж байгаа юм байна ажил төрөл нь цалгардаж байгаа юм байна гээд жаргаа дуу дуулсны дараа мордоод явдаг. Жаргаа дуу бол хүний амьдрал сайн сайхан жаргал цэнгэлтэй байх тэр хүслэнгийн илэрхийлэл юм.
Жаа, Энэ сайхан мэндийн баяр нь
Үүнээс хойшид тунгалаг
Маш бат, өнө сайхнаараа
Цэнгэн жаргатугай зээ
Нигүүлсэнгүй сайхан буяныг үйлдээд
Сэнсэн цагаан үүл
Салхи юундаа хөөгдөж
Арилах мэт билээ зээ гэсэн иймэрхүү үгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ дуу Энхмэндийн жаргал гэсэн нэртэй байсан юм болов уу гэсэн ийм таамаг байна. Ер нь Энхмэнд жаргана гээд ирэхээр зэрэг л найр өндөрлөдөг жаргаа дуу болж байгаа юм. Энэ дуунд гараад байгаа
Сэнсэн цагаан үүл
Салхи юундаа хөөгдөж арилах мэт билээ гэдэгтэй адилхан
Сэнсийн цагаан үүл ероолоос ундраад
Сэмүүхэн зүйтэй хур буулгаж
Цэцэрлэгийн үеийг хангаваа гэсэн ийм үгтэй. Монголчууд мал ахуйн соёлтой. Жил жилийн хур бороо элбэг байж, ургац ногоо өтгөн байж мал хуй нь тарган зоо тэнүүн байх тухай өгүүлсэн байна. Энх мэндийн жаргал, Энх мэндийн баяр гэж дуу ерөнхийдөө нэг дууны хувилбарууд. Энх мэндийн жаргал гэдэг энэ дууны үг “Арван айзам гучин хоёр шашдрын алтан түлхүүр оршив” гэдэг номонд байж байгаа ийм дууны үг юм.
Уртын дуучны дуулах соёл, ёс дэг гэж бий. Уртын дуучин, ялангуяа айзам уртын дуу дуулдаг дуучин насан турш биеэ зөв зохистой авч явахын зэрэгцээ ёс уламжлалаа сайтар судалж мэдсэн, дуугаа дээдлэн хүндэлдэг, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн байх учиртай. Монголчуудын найр наадамд эгшиглэх уртын дуу, морин хуур, хулсан лимбэний нийцсэн зохицол нь найрлагчдын зүрхэнд нэвчиж, ухаарлыг билэглэж, гоо сайхны таашаал эдлүүлдэг гурамсан барилдлагатай энх амгалангийн орон зай юм. Авьяас билэг төгөлдөр уртын дуучдаараа Монгол түмэн бахархах дуртай. Тухайлбал дэлхийд Монгол улсынхаа нэр алдрыг уртын дуугаараа таниулсан Норовбанзад, Дугаржав, Ламжав, Шархүүхэн зэрэг дуучдыг нэрлэж болно. Одоо Ардын жүжигчин, уртын дуучин Шархүүхэнийг сонсогч та бүхийг уулзуулъя. Тэрээр уртын дууны бие даасан тоглолтоо “Энх мэндийн баяр” хэмээн нэрлэсэн удаатай.
/Яриа/ Ч.Шархүүхэн: Анх 1987 онд уртын дууны тайлан тоглолт хийхээр бэлтгэж байсан юм. Тэгээд тоглолтоо “ Энх мэндийн баяр” гэж нэрлэхээр шийдэж, энэ дууны тухай хэд хэдэн хүнээс асууж тодруулсан юм. Тэгээд нэг удаа Хэнтий аймгийн Дархан суманд ажлаар явж байгаад Маналжав гэж өвгөний сургийг гаргасан. Тэгээд тэр хүнийг хайж сураглаж очлоо. Ерөөлч магтаалч ардын билэг авъяастан хүн л дээ. Тэгээд Энх мэндийн баяр дууны талаар асууж сурагласан юм. Маналжав гуай ярихдаа “Ахай гүний хошууны Мэргэнээ гэж нэг хүн байсан юм гэнэ лээ. Тэр Мэргэнээ гэдэг хүн хүүхдэд их ээлтэй.
Мэргэнээгийн хавар, Мэргэнээгийн зун, Мэргэнээгийн намар, Мэргэнээгийн өвөл гэж хүмүүс ярьдаг байж. Ертөнцийн дөрвөн улирал байсаар байхад яахаараа Мэргэнээгийн хавар ,намар гээд байдаг билээ гэж зарим нь гайхдаг байж. Мэргэнээгийн Хаваржаа, Мэргэнээгийн өвөлжөө гэсэн утгатай юм байна л даа. Тэгээд Мэргэнээ хүүхдийн үс авах дуртай. Заавал өөрийнхөө гэлтгүй. Ойр саахалтынхаа хүүхдүүдийн насыг асууж, Эрэгтэйг нь 3, 5 ойтой гэвэл үсийг нь авах болж байгаа юм байна ш дээ гээд л...зоос орхидог ч байсан юм уу? Тэдэн сард аваарай гээд л хэлдэг байж. Эмэгтэй нь 6,8 настайгаас нь бас тэгж ав гэх зэргээр зөвлөж хэлдэг хүн байж. Ер нь хүүхдүүд цуглуулж ерөөл хайрладаг тийм сайхан айл байж л дээ. Ингэхдээ хүүхдийн үсний найранд томчуудын төдийлөн оролцуулдаггүй. Хүүхдүүдийн оролцуулж барилдуулана. Сайн сайхан ерөөл айлддаг байжээ. Энхээрээ эв эрүүл сайн сайхан яваарай гээд аз жаргалыг ерөөж, чанага чанга ярьдаг, аз жаргалтай амгалан тайван сайхан амьдарцгаагаарай гэж төгсгөлд нь хэлж ерөөдөг тийм өвгөн байж. Тэгээд энхээрээ энх амгалан байхыг ерөөдөг байснаас үүдэж “Энх мэндийн баяр” хэмээх энэ дуу Мэргэнээгийн овгоос үүссэн гэх аман яриа гарсан” гэж өгүүлсэн юм.
Дууны урлаг тэр дундаа уртын дуу эрт дээр үеэсээ аман уламжлал, гэрийн сургалтаар дамжигдан өвлөгдөж ирсэн. 1990-ээд оноос манайд Соёл урлагийн их сургууль байгуулагдаж, уртын дууг мэргэжлийн түвшинд сургаж эхэлжээ. Улмаар энэ нь өргөжиж өдгөө уртын дууны тэнхимтэй болоод байгаа юм. Уртын дууны мэргэжлийн ангийн анхны төгсөгчдийн нэг нь Монгол улсын гавьяат жүжигчин уртын дуучин Хонгорзул юм. Тэрээр 1998 онд Соёл урлагийн их сургуульд Монгол улсын гавьяат жүжигчин Дэлгэрийн удирдлага дор суралцахдаа “Энх мэндийн баяр” дууг сурсан байна. Ингэхдээ зууны манлай уртын дууч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын дуулсан арга барилаар сурчээ.
/Яриа/ Г.Хонгорзул: Соёл урлагийн их сургуульд суралцах үедээ “Энх мэндийн баяр” гэдэг уртын дууг сурсан. Уртын дууг дуулах арга барилд дадуулсан хүн бол Дэлгэр багш юм. “Энх мэндийн баяр” гэдэг дууны дуулах арга барилд тулгуурлан задаргаа хийгээд үзвэл шуранхай ихтэй. Шуранхай гэдэг маань хүч хассан хоолойгоор хамгийн дээд өнгөнд ая дан оруулдаг. Шуранхай ихтэй дуу бол дуучдын чанар чансааг шалгадаг. “Энх мэндийн баяр” дууг хэдийгээр би дуулдаг ч гэлээ боржигин чигийн ая аялгуугаар дуул чаддаггүй гэж боддог. Боржигин чигийн дуунууд маш их уран нарийн хийцтэй. Говийн болон боржигины газар нутгийн байршил их сонин. Жижиг дов толгод ихтэй. Яг түүн шигээ чамин жижиг нугалаа, чимэглэл шаардсан ая аялгуутай дуулдаг. Би Хэнтий аймгийн хүн. Манай нутаг тал хээр хосолсон нутаг. Хүн өссөн төрсөн нутгийнхаа онцлогоос тухайн хүний дуулах арга барил, ур зүй сэтгэл оюун ч, хоолойн темп ч мөн тийм хэмнэлтэй байдаг юм болов уу гэж боддог. Уртын дууны үг номон дээр байгаа үгнээсээ арай өөрөөр дуулагдаад явдаг. Уртын дууг ноотлоход хэцүү. Яг энэ цаг мөчид дуулсныгаа дараа дахин давтагдаж болдоггүй. Уртын дуу мэдэхгүй хүнд нэг л аялгуугаар дуулаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Ноотонд, хайрцаганд баригддаггүй ийм өвөрмөц бүтээл. Ая дан эгшиг, үг дан яруу найраг нь сонгодог бүтээл. Тиймээс хийсвэр сэтгэлгээгээр хандаж болохгүй. Дуу бүхэнд гүн утга философи явж байгаа. Дуу бүхнийг хүний үүсэл гаралтай жишихүйц юм. Монгол хүний ахуй шаардлагаар үүссэн бүтээл. Уртын дуу нь өнөөдөр дэлхийн сонгодог бүтээл мөн болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрөөд байна. Монгол хүн ямар их сонгодог өв ухаантай байсан юм бэ? гэдгийг энэ бүтээл батлан харуулж байгаа юм.
Монгол бол уртын дууны өлгий нутаг. Түүнчлэн Монгол уртын дуу нь Монгол орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа билээ. Хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Профессор Н.Жанцанноров хэлэхдээ: “Миний баталгаатай мэдэрч, мэдэж байгаа зүйл бол энэ М.Дорждагвын дуулсан дуу одоо тийм онц чухал биш юм шиг санагдаж буй ч, 50-иас 100 жилийн дараа тун их үнэ цэнэтэй болно. Монгол хүн байна, Монгол айл байна, Монгол соёлыг тээгч гэр бүл байна, Монгол хүн оюун санаагаараа дэлхийд асар их орон зайг эзэлж байх болтугай гэж бодсон ухаант хүн болгон энэ бичлэгийг авч, сонсож, хадгалж, хайрлаж хайрлаж байх ёстой” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймдээ ч “Уртын дуу, морин хуурын аялгууг сонссоноор Монголчуудыг хамгийн амархан таньж мэдэж болно. Уртын дуу бол монгол хүний генийн код юм” гэж гадаадын монгол судлаач эрдэмтэнд дүгнэдэг юм. Монгол төрийн уртын дуу цуврал нэвтрүүлгийн 9 дэх дугаарт “Энх мэндийн баяр” хэмээх дууг онцлон сонсогч танд өргөн барилаа. Монгол уртын дуу тэнгэрийн уудамд цойлон дуурьсаж, талын энгээр түгэн цуурайлж, даян дэлхийд түгэх болтугай!
Үзсэн: 6384
Tweet