Дундговь аймагт БНСУ-ын хөрөнгөөр дулааны станц барина
“Экспорт Импорт” банкны төлөөлөгчид Дундговь аймгийн төвийн дулаан хангамжийн системтэй танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас Дулааны станц баригдаагүй 10 аймгийг дулааны станцтай болгож төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг БНСУ-ын талд тавьсныг нааштай хүлээн авч тус улсын "Экспорт Импорт"-ын банкнаас өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, төсөлд шаардлагатай хөрөнгийн зээл олгохоор ажлаа эхлүүлээд байна. “Экспорт Импорт” банкны төлөөлөгчид Дундговь аймгийн төвийн дулаан хангамжийн системтэй танилцаж, зуухны газар, шугам сүлжээний мэдээлэл, техникийн үзүүлэлт, зураг схем, холбогдох бусад бичиг баримттай танилцаж, техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулахаар шийдвэрлэсэн байна. БНСУ-ын “Экспорт-Импорт” банк Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тендер зарлахад тус улсын “KDHC” компани ялж, ТЭЗҮ боловсруулах мэргэжилтнүүд, Эрчим Хүчний Яамны мэргэжилтнүүд, аймаг, орон нутгийн ажлын хэсгийн хамт Дулааны станц барих газар дээр нь ажиллалаа.
Үзсэн: 1315
Tweet