Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчуудын Уламжлалт Хоол "Хорхог"


Densmaa 2018-01-31 05:01

Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай.

   Монголчуудын хоол хүнс, идээ ундаа нь эртнээс уламжилж ирсэн нүүдэлчин амьдрал, байгаль газар зүйн онцлог, мал ахуйтай нарийн холбоотой. Монголын уламжлалт идээ ундаа нь эрүүл чийрэг, хүч чадалтай нүүдэлчин үндэстний оршин тогтноход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Монголчууд дөрвөн улирлын цаг уурт тааруулан хоол хүнсээ хэрэглэсээр ирсэн. Тухайлбал өвлийн хүйтэнд махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол голлон хэрэглэдэг. Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд ялангуяа дайлах, цайлах, зочломтгой зангаараа гадныхны анхаарал сонирхлыг татдаг. Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэж иржээ. Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг, таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.

   Махан хоол гэдэг бол давс, сонгино, сармис, халуун ногоо зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай. Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно. Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор махан хуурга, хиам, хайрмаг, жигнэмэл зууш, бууз, хуушуур орно. Монголчуудын бас нэг өвөрмөц хоол нь “хорхог” гэдэг хоол бөгөөд түүнийг хонь, ямааны махаар голчлон хийдэг ба угшил нь чулуун зэвсгийн үеэс эхтэй байх магадлалтай гэж судлаачид үздэг.

Бид өнөөдрийн нэвтрүүлгээрээ монголчуудын уламжлалт хоолны нэг болох хорхогны талаар онцлон танилцуулахаар бэлтгэлээ.

   Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Олон хүн цугларсан томоохон арга хэмжээний үед хэрэглэх хорхогийг бог малын бүтэн махаар хийнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Харин гэдэс дотрыг арилган цэвэрлэж тусад нь чанана. Хорхог болгох үйрэхгүй бөөрөнхий нягт чулуу сонгон авна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой байдаг. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэж Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр ярьж байна.

   Хорхог гэдэг хоолыг Монголчууд эрт дээр үеэс хийж ирсэн. Энэ бол хамгийн богино хугацаанд болдог. Аянд явах, амралт зугаалганд явахад хийж байсан. Хорхогийг анх юунд хийж байсан бэ гэхээр ерөөсөө гүзээнд л хийж байсан. Малаа гаргаад гүзээгээ сайхан угааж цэвэрлэчхээд, тэр хооронд галд чулуугаа улайсгана. Чулуун бас их учиртай, голын усанд байсан чулуу халаах юм бол хагардаггүй гэж үзээд. Голын эрэгт очлоо гэхэд заавал голоосоо мөлгөр чулуу аваад галдаа цай ундаа хийж байх хоорондоо улайтгачхаад, улайссан чулуугаараа махаа шарж иддэг байсан ард түмэн. Тэгээд тэндээ бага зэргийн шүүс хийж өгдөг, тэр нь махаа шарах явцад шүүстэйгээ нэгдээд битүү чанаж болгодог байсан ийм хоол. Энийг бол монголчууд өвөг дээдсээсээ уламжилж ирээд өнөөг, хүртэл баяр ёслол, зугаалга болохоор энэ хорхогийг хийж байгаа. Хүний оюун ухаан хөгжөөд , нийгэм хөгжөөд ирэхээр дараа нь битүү саванд хийдэг болчхоод байгаа юм. Таглаатай битүү саванд нөгөө л муу чулуугаа улайсгаад, махаа болгоод хийж байна. Дээр үед бол янз бүрийн хүнсний ногоо хүнсэнд хэрэглэдэггүй байсан, учраас мөөг ч юм уу байгалийнхаа бүтээгдэхүүнийг дотор нь хийж амт оруулаад иддэг байсан. Орчин үед бол бетонд хийхдээ дээр нь хүнсний ногоо хийж идэж байгаа, тэрийгээ угааж цэвэрлэж байгаад хальстай нь  хийх юм бол бутардаггүй болдог. Ийм битүү хоол юм. Битүү өндөр даралтын дунд болж, яг өөрийнх нь махнаас шүүс нь гарч ирдэг учраас халуун чулууг нь барьж биеийнхээ ядаргааг арилгах, ер нь бол уламжлалт анагаах ухаанд домын чанартай хэрэглэж байсан. Монголчууд хоол ундыг дандаа дом, өөрийнхөө эмчилгээ, эрүүл ахуй ядаргаа тайлах зорилгоор хийж иддэг байсан хүмүүс. Ер нь бол бог малын махаар хийдэг. Яргуйд цадсан үед нь ямааны махаар хийдэг, эсвэл намар сайхан таргалаад эрч хүчээ авсан хонины махаар хийдэг. Хонь ямааны махаар хийдэг. Хонь ямааны мах нь өөрөө их ач холбогдолтой. Жишээ нь яргуй идсэн ямааны мах ядаргаанд сайн, хүний биед сайн гэж үздэг. Уламжлалт анагаах ухааны олон юманд ямааны махыг хэрэглэдэг. Хонь бол өөрөө ядаргаа тайлах чадвартай, өөрөө 300-500 нэр төрлийн эмийн ургамлын шүүсийг өөрийнхөө махандаа шингээж, ядаргаа арилгаж, хүний биеийн тэнхээ тамирыг маш богино хугацаанд буцаан оруулахад хонины мах чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас хониныхоо махаар хорхоглож идэх нь хүний биед ядаргаа тайлах , тамир тэнхээ оруулах, дархлаа сайжруулах ач холбогдолтой., ийм л юм байгаа юм.

   Мөн хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно. Хонины гүзээг угааж цэвэрлэнэ. Хонины ястай махыг жижиглэж бэлтгэнэ. Чулууг улайстал халаасны дараа гүзээндээ мах чулуу, мах чулуу гэсэн дарааллаар хийж давс, хар чинжүү, лаврын навч, хүнсний ногоонуудыг хийж дээрээс нь 500 гр ус нэмж амсрыг гараараа хумин барьж, чулууг гүзээнд наалдуулахгүйн тулд нааш цааш хөдөлгөнө. Гүзээний хорхогны хийг гаргаж амсрыг утсаар сайтар бооно. Гүзээтэйгээ буцлам халуун усанд хийж 60 минут орчим зөөлөн гал дээр чанаж болгоно. Том модон тэвш болон цар таваг дээр мах, ногоог гаргаж, чимэглэнэ. Шөлийг нь халуунаар уувал биеийн ядаргааг тайлдаг гэж үздэг.

Үзсэн: 8108

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (30)