Монгол Улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав
Ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэг Монгол улс.
АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг "Ethical Traveller" ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарчээ.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр Калифорни мужийн Беркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон бусад улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлжээ.
Калифорни мужийн Беркели хотноо байрладаг "Ethical Traveller" ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм. Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан, 2017 онд хоёр дахь удаагаа шалгарч байсан бөгөөд 2018 онд ийнхүү гурав дахь удаагаа шилдэг 10 улсын тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарчээ.
Үзсэн: 1083
Tweet