Эртний Монгол Хадаг орчин цагт
Хадаг 9-р зууны үед Энэтхэгт үүссэн гэж эртний ном сударт тэмдгэлсэн байдаг.
Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд, архийг идээний дээд хэмээн авдрандаа нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Тэнгэрлэг, хийморлог байж эд баялаг арвижуулах өлзий буян хураах нь цаглашгүй учир айл бүр гэртээ хадаг өлгөн хадгалдаг. Энэ нь тухайн айлдаа эд баялаг идээ ундааг арвижуулах ерөөл авчирдаг гэж үздэг. Хадаг хээ угалз, номын үсэг бичиг, хэмжээ, хийсэн эд, чанар чансаа, өнгө зэргээрээ өөр өөр байхын хамт Аюуш, Даш, Нанжвандан, Нанзад, Самбай, Дашвандан, Сэрш, Соном гэх мэт нэртэй байдаг.
Аюуш хадгийг эцэг эхдээ, найман тахилт хадгийг багш, ихэс дээдэс лам нартаа барьж Самбай болон Нанжвандан хадгийг талийгаачийн газар авах, нүүрийг бүтээх зэрэгт хэрэглэдэг. Өнгө тус бүрдээ төр ёсны болоод шашны бэлгэдлийг агуулсан байдаг. Шашин номын үүднээс Цагаан өнгө нь Дээдийн шид бүтээл буюу гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг туулсан бурхны хутагт хүрч хүний сэтгэхүйн туйлын мөн чанарыг нээн гаргаснаар олж авах үнэмлэхүй их эрдмийг бэлгэднэ. Хөх өнгө нь Амирлуулах үйлийн шид бэлгэдэх бөгөөд хүндэтгэлийн орны өвчин, ад, өвчин хижиг саад зэтгэр зэргийг амирлуулах утгыг агуулдаг бол шар өнгө нь Дэлгэрүүлэх үйлийн шидийг бэлгэдэх ба нас буян, эрдэм ухаан, хүч чадлыг дэлгэрүүлэхийн утгыг агуулна. Тэгвэл улаан өнгө нь Эрхэнд хураах үйлийг бэлгэдэх бөгөөд яруу алдар, төгс эдлэл тэргүүтнийг эрхэнд хураахыг, ногоон өнгө нь Хатуу үйл буюу дайсан тотгор, гай зэтгэрийг зайлуулах утгыг тус тус бэлгэддэг. Ийнхүү хөх, шар, улаан, ногоон өнгийн хадгууд нь “Дөрвөн үйл”-ийн шидийг бэлгэддэг бол цагаан өнгө нь Дээдийн шид бүтээлийг бэлгэддэгээрээ дээрх дөрвөн өнгийн утгыг бүгдийг агуулдаг гэж Гэвш Хоролбат ярьж байна.
Хадаг бол Энэтхэгт 9-р зууны үед үүссэн гэж тэмдгэлсэн байдаг. Хадгийг Монголчууд эрт дээр үеэс хэрэглэж байсан тухай Монголын Нууц Товчоонд тэмдгэлсэн байдаг. Тэр үед монголчууд хадгийг Хэв гэсэн утгаар хэрэглэж байсан байдаг. Энэ нь бол жинхэнэ монгол нэр юм гэж судлаачид үзсэн байдаг. Манж хэлэнд ч гэсэн Ха-да гэж хэлээд хадаг гэсэн хэллэгээр авч хэрэглэсэн байдаг. Хадгийг Энэтхэгээс гаралтай гэж үзэж анх үүссэн утга нь судар номонд юу гэж байдаг вэ гэхээр хиргүй цагаан үнэнч сэтгэлийн бэлэгдэл болгож хэрэглэсэн гэж үздэг. Энэ тухай домог байдаг: Бурхан багшийг ном айлдаж байх үед эрэгтэй эмэгтэй хоёр ядуу хүн маш их сүжиг төрөөд тэр номонд юу өргөх вэ гээд хуучин даавууны өөдсийг угааж байгаад өргөсөн. Даавуундаа гол нь биш сэтгэл нь ариун цагаан сэтгэл маш үнэнч сэтгэлээр бэлэгдсэн ийм зүйл байсан. Наана нь өөр хүмүүс эд хогшил өргөсөнч гэсэн энэ хоёр хүний сэтгэлийг гүйцэх өргөл байсангүй гэж Бурхан багш хамгийн гол нь хиргүй цагаан сайхан сэтгэлийн хүндэтгэлийн өглөгийн дээд болж чадлаа гэж хэлсээн тэгээд тэр цагаас эхлэн хадгийг үүссэн гэж хуучин ном сударт тэмдгэлсэн байдаг.
Хадаг нь тэнгэрийн эд учраас таван цогц шинжийг агуулж хөнгөн, зөөлөн, уян хатан, бат бөх, гоёмсог чанартайг нь дээдлэн сонгож зөвхөн хүр хорхойн мяндсан шүлсээр нэхсэн торгомсог хадгийг л Монголчууд хэрэглэж иржээ. Харин өнөө цагт Монголчууд эртнээс нааш дээдлэн хүндэтгэж ирсэн эдийн дээд монгол хадгаа өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэж байгаа юм. Хүр хорхойн шүлсээр нэхсэн цэвэр торгоор, үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн өнгөтэй, хээ хуар, бэлэгдэл төгс хадгийг “Эртний Монгол Хадаг” компани олон жилийн судалгааны үндсэн дээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Эртний монгол хадаг компаниас 5 төрлийн хадаг үйлдвэрлэж хэрэглэгч олондоо хүргэж эхлээд байна гэж “Эртний Монгол Хадаг” компаний Маркетинг, борлуулалтын менежер С.Нандинцэцэг ярьж байна.
Монголд манайх Тэнгэр хадаг гээд төсөл анх 2014 оноос бичигдэж эхлээд төслийнхөө хүрээнд 2017 оны 04 сараас анхны бүтээгдэхүүн гаргаад “Эртний монгол хадаг” гэдэг компани байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд монголчууд хадгийг дээдэлж хүндэлдэг мөртлөө өөрсдөө үйлдвэрлэдэггүй урд хөршөөсөө худалдаж авдаг худалдаж авч хэрэглэдэг. Монголын томоохон өв соёлын нэг учраас үүнийгээ монголд өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байга нь харамсалтай санагдаад энэ төслөө эхлүүлсэн. Одоогоор манай компани таван нэр төрлийн хадаг үйлдвэрлэж байна. Соёмбо, Морьтой, Найман тахилтай, Дөрвөн хүчтэн, Самбай хадаг гээд байгаа. Хэмжээгээрээ бол том дунд жижиг гээд 9 төрлийн хэмжээтэй гаргаж байна. Одоогоор бол зөвхөн цэнхэр өнгийн хадаг гаргаж байна. Цаашдаа таван өнгийн хадгийг үйлдвэрлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Манай материал бол хүр хорхойн шүлсийг мяндсан утастай холиж ээрсэн шинэ төрлийн технолгийн утсаар нэхэж байгаагаараа онцлогтой. Энэ нь байгальд болон модонд уясан тохиолдолд ургалтыг зогсоохгүй нар салхи усны нөлөөгөөр гурван мянгаас дөрвөн мянган цагын дараа задарч байгальд шингэдгээрээ онцлог материалтай юм.
Эртнээс эрхэмлэн дээдлэж ирсэн хадгийг Орчин үед хэрэглэх нь багасаж түүнийг мөнгөөр орлуулж байгаа нь ёс уламжлалаа мартах, ихэс дээдсээ хүндлэхгүй байгаа хэрэг гэж тэрээр хэлж байсан юм. Мөнгөний оронд хадаг өгөөд мал хуй арилжиж байсан тухай түүхэн баримт байдаг бол гурван метр гаруй урттай баранзад хадаг бодын үнэтэй байсан гэлцдэг. Хадаг нь тухайн үед хэр үнэ цэнэтэй ховор байсныг илэрхийлж байгаа хэрэг юм.
Үзсэн: 3474
Tweet