Рейтерс Монголын шинэ нисэх онгоцны буудлын талаар мэдээлэв
Шинэ нисэх онгоцны буудал 2024 он гэхэд 3 сая жуулчин хүлээх авах чадалтай болно.
Энэ онд нээлтээ хийхээр төлөвлөөд байсан шинэ нисэх онгоцны буудлын ажил 2019 он хүртэл болж хойшилсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг багасгахын тулд Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлж, Хойд Азийн агаарын тээврийн төв болох зорилготой байсан билээ. Шинэ нисэх онгоцны буудал нь 2024 он гэхэд 3 сая жуулчин хүлээх авах чадалтай болох бөгөөд Японы Мицүбиши болон Чиёода корпораци барилгын үйл ажиллагааг гүйцэтгэж, Самсунг C&T туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа юм. Нисэх онгоцны буудалд хүрэх 32,2км зам тавих санхүүжилтийг Хятадын Экспорт-Импорт банкнаас санхүүжүүлж байгаа бөгөөд аравдугаар сар гэхэд замыг тавьж дуусахаар төлөвлөж байна. Хэдийгээр шинэ онгоцны буудал уур уурхайгаас үл хамаарсан эдийн засгийн өсөлтийг бий болгох ч агаарын тээврийн олон компаниудыг зах зээлдээ оруулах эсэхээс уг өсөлт хамаарна хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
Үзсэн: 1130
Tweet