Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Төрийн Тамганы Түүх


Densmaa 2017-12-22 05:12

Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1500 орчим тамга, тэмдэг байдаг.

Тамга нь тодорхой нэг эзэнтэй гэсэн ойлголт өгөх зориулалттай бүтээгдсэн байна. Аман ярианд тамга, тэмдэг гэсэн хоршоо үгээр хэрэглэдэг. Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга, түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтой. Төрийн түүхийн  музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1500 орчим тамга, тэмдэг байна. Энэ цагт тамгыг Монголчуудын адууны тамга гэдгээр сайн мэддэг. Эрт дээр үедээ язгууртнуудын өмчийн тэмдэг байсан онги, бунд, нум, дигрэй зэргээс эхлээд их хаадын тамга, овгийн бичээс, зоосон тэмдэгтүүд монгол төрийн түүхийн музейд бий. Энэ тухай Төрийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Тогтохбаяраас тодрууллаа.

Ш. Тогтохбаяр: Зоос цуглуулагч, судлаач Бадарчын Нямаа гэж хүн Төрийн түүхийн музейг 2007 онд  байгуулагдах үед их хаадын алт мөнгө зэс зоосон цуглуулгыг өгсөн. Өөрөө түүх судлаач хүн. Эдгээр дээр байгаа бичээс, тэмдэглэгээг нарийн судалж үзэхэд хааны нэр, цол үүний хажууд овгийн тамга гэдэг зүйл байсныг  нарийвчлан судалж эхэлсэн байна.  Асуулт: Чингис хааны тамгыг хэлбэр дүрсээр нь ширээтэй онги гэх үү?  Тийм. Үүнийг шууд ширээтэй онги нэрлэж болно. Тамгыг хэлбэр дүрсээр нь хүн өөрийн төсөөлөлд бууснаар нэрлэхэд онодог. Үүнийг ширээтэй онго гэж нэрлэнэ. Ууган хүү Зүчийнх бол сүүлтэй онгин тамга гэж нэрлэдэг. Судлаач Нямаа гуай судлаад эцгийн тамганы ерөнхий хэлбэрийг ууган хүү дуурайлгаад өвлөөд явдаг. Бусад хүүд эцгээс оноосон бусад хэлбэрийн тамгыг авч явдаг байна. Тийм учраа Зүчийн удмынхан бол Чингисийн онгин дүрсийг ерөнхийдөө баримтлаад  явсан гэж ойлгож болно. Батынх, Бэрхийн гээд ирэхээрээ зураас тэмдэгэлгээ нэмэгдээд явсан онцлогтой. Харин дүрс давхцаагүй. Үүнээс үзэхэд өмчийн тэмдэг, илэрхийлэх тэмдэг байсан гэж үзэж болох юм. Удаах хүү Цагаадай бол Бундан тамга хэрэглэж байсан. Цагаадайн удмынхан бол Бундан тамганы олон хэлбэрийг хэрэглэж иржээ. Эдгээрийг хэрэглэж байсан зоосноос тогтоосон байдаг. Сэрээ тамга бол отгон хүү Тулуйнх.

   Их эзэн Чингис хааны дараа Өгөөдэй хааны удмынх хоёр янзын тамга хэрэглэж байжээ. Дэгрэй болон нуман тамга. Дэгрэй тамгыг өөрөөр зуузай гэж нэрлэх нь бий. Харин нуман тамга нь нум сумны хэлбэртэй. Өгөөдэйн зоос нуман тамгатай байсныг дэлхийн томоохон судлаачид ном, каталогт дурдсан байна. АНУ-ын нэрт зоос судлаач, доктор Стефен Албумын бүтээсэн “Исламын улсуудын зоосны жагсаалт”-ыг дэлхийн зоос судлаачдын баримталдаг каталог юм. Энэ каталогт Өгэдэй хааны нуман тамгатай зоос 1227-1242 оны гарч байсныг тэмдэглэсэн. Өгэдэйн зоосон дээрх нуман тамга хэлбэрийн хувьд нэлээн хэдэн янз бий. Энэ нь газар газрын хийц, зоосны хэв хийсэн дархчуудын зохиомжтой холбоотой. Хэдийгээр тамгыг одоо малын тамга болгон ашиглаж байгаа ч тамга бол язгуур угсаатай гэр бүлийг илэрхийлдэг зүйл.

  Төрийн түүхийн музейд зуу гаруй зоосон тэмдэгтийг дэлгэн харуулсан байна. Эдгээрийн үзмэрийн ихэнх нь тамгатай  гэж төрийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ш. Тогтохбаяр хэллээ.

Ш.Тогтохбаяр: Чингис хаан Хоризам улс руу аян дайн хийгээд эхэлхэд тухайн үеийн Пирсүүдийн зоос хийдэг байсан тэр уламжлалыг Монгол хаад залгуулаад эхлэсэн байдаг. Үүндээр нэмэгдсэн нэг онцлог зүйл бол тамга нь нэмэгдсэн. Үүнийг судлаачид нэхэн тодруулж гаргаж ирсэн.    Алтан ордны зоосыг Оросын эрдэмтэн судлаачид сайн судалж байна.  Чингис, Өгэйдэй хоёрын тамгыг хоёуланг нь нэг зоосон дээр багтаасан алдартай мөнгө зоос Эрмитажид хадгалагдаж байдаг. Энэ нь Өгэйдэйн үед гарсан. Өгэйдэй бол хаан эцгээ алдаршуулж хоёр хаан, дараалсан хаан гэсэн утгаар тэр зоосыг гаргасан гэж үздэг. Энд дэлгэн харуулсан зоосны хэмжээ янз бүр, 1 см хэмжээтэй зоос ч байдаг. Чингисийн нэртэй зоос байдаг. Тухайн хотны нэр, хааны нэр, тамга зэрэг нь зоосон дээр ихэвчлэн байдаг. Гэхдээ тухайн улсын хэлээр хэвлэгддэг. Тамгыг Монголчууд өмнө нь судалж байсан. Судлаач Пэрлээ гуай бол  Монголчуудын угсаа гарвалыг тамгаар нэхэн судлах нь” гэдэг алдаатай бүтээл хийж байсан. Үүн дээр бол эдгээр тамгануудыг ерөнхийд нь дүрсэлсэн. Нэг сонирхолтой зүйл нь Хүннүгийн үеийн археологийн малтлагаар бог малын шагайн дээр Чингисийн гэр бүлийнхний тамгыг холбоотой маягаар эсвэл  тус тусад нь дүрсэлсэн байдаг. Энэ нь зөвхөн Чингисийн гэр бүлийнх биш. Нүүдэлчдийн хүндэтгэлт билэгдэл дүрсүүд байж болно. Хүннүгийн булшнаас гарсан шагайн дээрх тамгны дүрсэн дээр бол Чингисийн тамгыг голлуулаад дөрвөн хүүгийн нь салбарлуулчихсан байдаг. Магадгүй хамгийн их хүндэтгэдэг 5 дүрс байсан байж болох юм.   

    Монголын зарим хаад өөрийн шууд угсааны хаан, хан нарын нэрийг өөрийнхөө нэртэй хамт зоосон дээрээ бичиж байсан нь удам угсаагаа тэмдэглэн үлдээж байгаа бас нэгэн хэлбэр юм. Тухайлбал Иран дахь Монголын   хант улсын үндэслэгч Хүлүг хан 1256-1265 онд гаргасан  зоосон дээр өөрийн нэрийн дээд талд Их Хаан Мөнхийн нэрийг бичжээ. Энэ нь хаан ахаа өргөмжилснөөс гадна өөрийгөө их хаантай угсаа нэг болохоо харуулж байгаа хэрэг юм. Ийм маягаар хаан аав, ах дүү, хүүгийнхээ нэрийг хамт бичихээс гадна, зөвхөн Их хаан гэж бичих явдал цөөнгүй байжээ. Зоос ийнхүү хааны өмч, төрийн өмч, хааны нэрийн билэгдэл болох тул түүн дээр байгаа тамга нь хаантай холбоотой түүний овог удам угсааных байх нь эргэлзээгүй юм гэж судлаачид үздэг.    

Үзсэн: 7010

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (54)