Баатархайрхан ууланд 34 ирвэс байна
Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьжээ.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 1990 оны үед манай оронд 800- 1200 орчим цоохор ирвэс тоологдож байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тоо толгойг нь нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Ирэх 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирвэс судалдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны ирвэсийн тоо толгойг нарийвчлан тогтоохоор төлөвлөн ажиллаж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд ирвэс судлах ажлыг эрчимтэй хийж байгаа юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд автомат камер тавих, ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүх зэргээр шилжилт хөдөлгөөнийг нь судалдаг. Мөн гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран цоохор ирвэсийн генетикийн судалгаа хийж байна. Дээрх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьжээ.
Мэргэжилтнүүд автомат камеруудаа энэ оны есдүгээр сард хурааж авсан бөгөөд мэдээллээ нэгтгэж дууссан байна. Камерт орсон ирвэсийг толбоор нь тодорхойлж, Баатархайрхан ууланд 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ.
Үзсэн: 2110
Tweet