УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзжээ
Хатагтай Биата Транкман нийгмийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн хуваарилалтыг хэрхэн оновчтой хийх талаар саналаа хэлж, цаашид техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар ярилаа.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзжээ.
Манай улсад Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж байгаатай холбоотойгоор НҮБ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг, шинжээчдийн баг манай улсад 2017 оны арваннэгдүгээр сард ирж ажилласан юм. Тус ажлын хэсгээс ирүүлсэн эхний ээлжийн зөвлөмжид дурдсан асуудлаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Суурин зохицуулагчтай санал солилцжээ.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгэм, байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, үүний тулд ямар стратеги, бодлого баримтлах талаар зөвлөмжид тусгасныг үзэж танилцсанаа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд тэмдэглэжээ.
Хатагтай Биата Транкман нийгмийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн хуваарилалтыг хэрхэн оновчтой хийх талаар саналаа хэлж, цаашид энэ чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар ярилаа.
Түүнчлэн тэрээр хөрөнгө оруулалтыг нийгмийн салбарт нэмэгдүүлж байгаа ч нэг хүнд ногдох төсвийн зардал бууралттай гарсан. Хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй бодит хэрэгцээг хөрөнгө оруулалт гүйцэхгүй байгаа талаар зөвлөмжид тусгасныг тэмдэглэлээ.
Ийнхүү санал солилцсоны дүнд 2019 оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө нийгмийн салбарт төсвийг оновчтой хуваарилахад хоёр талаасаа хамтарч ажиллахад санал нэгдсэн байна.
Үзсэн: 1282
Tweet