Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг, А.В. Пономаревыг нарыг одон медалиар шагналаа
Уралын холбооны их сургуулийг төгссөн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын УИХ, Засгийн газрын үе үеийн гишүүд, эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В.Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагналаа. ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг төдийгүй захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гаргасан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байжээ. Уралын холбооны их сургуульд 1960-аад оноос эхлэн Монголын оюутан залуучууд суралцаж эхэлсэн. Тус сургуулийн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын УИХ, Засгийн газрын үе үеийн гишүүд, эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.
Тус сургууль нь Монгол Улсын МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм. Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байна. Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. 2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын барилгын байгууллагуудад ажилласан. Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.
Үзсэн: 1238
Tweet