Д.ЦОГТБААТАР ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд нар зөвлөлдөж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ өдрүүдэд болж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалтаар Гадаад хэргийн сайд нар 2017 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдсан улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдлөө.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хуралдаанд үг хэлж, олон улсын маргаантай, хурцадмал асуудлаарх өөрийн улсын байр суурийг илэрхийлжээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг чухалчилж байгааг онцолсон байна. Сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Киргиз, Казахстан, Унгар, ОХУ зэрэг орны Гадаад харилцааны сайд нар, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Үзсэн: 1309
Tweet