У.Хүрэлсүх: Гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно
БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа.
Эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо хөгжүүлэхэд манай гадаад харилцаа, хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын талаарх мэдээлэл дотоодын төдийгүй олон улсын анхаарлыг татлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засаг хүндрэлтэй, бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан хэдий гадаад нэр хүнд унаагүй, эерэг байгаа нь сайшаалтай гээд гадаад бодлогын асуудал дотоод угшилтай. Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна” гэдгийг онцолсон. Ер нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, бодлого ихэнх яам, агентлагуудад алдагдах талтай ч, гадаад харилцаанд үеийн үед хадгалагдсаар ирсэн. Бид хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээс манай улсын гадаад харилцаа эхэлдэг ч гэж болохоор. БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгдөг. Түүнчлэн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлж байгаа.
Манай улсын гадаад бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлд сөрөг хүчин зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. “Хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогын тэнцвэртэй байдал алдагдлаа. Хоёр хөрштэйгээ тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитой болгох тал дээр МАН-ын Засгийн газрууд хангалтгүй ажиллаж ирлээ. Нөгөө талаар манай гуравдагч хөршийн бодлого өмнөх инерцээрээ л явж, үндсэндээ зөнд нь орхигдчихоод байна” гэж шүүмжилж байв. Цаашлаад “Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны эрч саарч байна. Алсын хараатай, холын бодолтой нээсэн зарим ДТГ-уудыг татан буулгасан явдал Монгол Улсын гадаад харилцааны орон зайг зориудаар хумьсан хэрэг боллоо. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх, дэлхийн худалдааны байгууллагын боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна” гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа.
Үзсэн: 1311
Tweet