Н.Энхболд сайд Чех, Унгарын элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улс Европ дахь гол түнш орон БНЧУ, БНУУ-тай хөгжүүлж байгаа харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Унгар, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийтэй уулзахдаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Европ дахь гол түнш орон БНЧУ-тай хөгжүүлж байгаа харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд манай хоёр орны харилцаа урт удаан түүхэн замналтай, үүний дотор хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, зэрэг хэлбэрээр өргөжин хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
БНУУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзахдаа Монгол, БНУУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд түүхийн ижил замыг туулж ирсэн орнууд гэдгийг тодотгон хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” нь хамтын ажиллагааны суурь үндсийг тавьж, цаашид хамтран ажиллах өргөн бололцоо уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байдгаа Н.Энхболд сайд илэрхийллээ.
Үзсэн: 1202
Tweet