Монгол, Гүржийн Гадаад Харилцааны Яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Ирэх онд Монгол, Гүрж хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гүрж Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болов. Талууд хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар санал солилцов. Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиров. Монголын талын төлөөлөгчид Гүржийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төв нь нэг цонхны загвар буюу төрөөс ард иргэдэд үзүүлэх 300-500 орчим үйлчилгээг нэг дор төвлөрүүлж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм байна.
Үзсэн: 1322
Tweet