Өвөг Монголчуудын Хосгүй Үнэт Өв
Үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх түүхэнд холбогдох 600 шахам үзмэр тавигджээ.
“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд гарч байна. ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэдэг дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Улаанбаатар их сургуулийн дэргэдэх Археологийн музей хосгүй үнэт олдворуудын дээжээсээ ийнхүү дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа юм. Үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх түүхэнд холбогдох 600 шахам үзмэр тавигджээ. Тухайлбал шинэ чулуун зэвсгийн үед холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд мөн “Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, “Буган хөшөөт хиргисүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг нь гадаад, дотоодын үзэгч, судлаачдын анхаарлыг татаж байлаа. Эдгээр олдвор нь өвөг Монголчуудын өнө эртний аж ахуй, эдийн соёлын хөгжлийг харуулахын зэрэгцээ тэдний оюуны соёл, урлагийн нарийн мэдрэмжийг давхар илтгэж байгаа хэрэг гэж Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш Х. Эрдэнэбаатар хэллээ.
Х. Эрдэнэбаатар: Бүхий үеийн суурь судалгаанд манай судлаачид оролцдог. 8000-6000 мянган жилийн тэртээх цаг үеийг Монголын шинэ чулуун зэвсгийн үе гэж үздэг. 1960, 70-аад онд манай академич Дорж багш Дорнод аймгийн Тамсаг булаг, Баян түмэнгээс эртний хүний оршуулгын зан үйл олж илрүүлж судалсан. Энэ дурсгал түүнээс хойш олдоогүй байж байгаад 60 жилийн дараа шинээр гарч ирж байгаа дурсгал. Энэ чулуун зуулга иртэй ясан хутга бол чулуун зэвсгээс шинэ чулуун зэвсгийн үед гарч ирж байгаа чанарын шинэ түвшинд гарч байгаа зэвсгийн төрөл юм. Үүгээрээ хосгүй үнэт өв. Нийтийн он тооллын өмнөх 5 мянган жилийн юм. Үүний дараах нь бол шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсэгт шилжих шилжилтийн зааг үеийн үзмэрүүд байна. Чемурчекийн соёл”- гэж нэрлэсэн. Энэ соёл бол хүн төрөлхтөн чулуун зэвсгээс төмөрлөг зэвсэгт шилжих шилжилтийн зааг үе. Алтайн бүс нутгийн ард түмний соёл юм. Үүний дараах нь бол бид Мөнххайрханы соёл” гэж нэрлэсэн. Олдсон газрынх нь нэрээр нэрлэсэн. Монголын баруун алтайгаас эхлээд анх илрүүлж олсон. Энэ соёлын тархалт нь бол одоогийн манай Булган, Хөвсгөл, Ар хангай аймгаас эхлээд баруун бүх аймгууд байна. Энэ бол хүрэл зэвсгийн анх үе. Хүрлийг боловсруулаад анхны хутга,шөвөг зүү гоёл чимэглэлийн зүйлс хийдэг байсан үе. Ясаар хийсэн халбага байна.Хүн төрөлхтний түүхэнд хэдий үед халбага хийсэн юм бэ гэхээр жишээ нь 7,8 зуун жилийн европт халбага хэрэглэж байсан их л боловсронгуй болж байж гэдэг. Гэтэл 3800 жилийн өмнө халбага гэдэг юмыг хэрэглэж байсан. Бүр хүннү нарт хүртэл байна. Ихэндээ том бод малын яс байгаа юм. Хооллох соёлын хувьд асар өндөр хөгжсөн. Нүүдэлчид бүдүүлэг шүдээрээ мах зулгаасан мэтээр ойлгогддог. Тухайлбал энэ чулуун аягыг нөхсөн байна. Нөхөөсийг нь хийгээд ус хийхээр гоожихгүй. Бүдүүлэг хүмүүс бол ийм юм хийхгүй.
Түүнчлэн хүрэл зэвсгийн дунд үеийн 3500-2500 жилийн хоорондох хүннүгийн өмнөх үеийн буган хөшөөт хэрэгсүүрийн соёл, дөрвөлжин булшний соёл, Мөнгөн тайгын соёл гээд олон соёл байдаг байна. Эдгээрийн төлөөлөл болгож дөрвөлжин булшний соёл, Буган хөшөөт хэрэгсүүрийн олдворуудаас энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн харуулсан байна. гэж Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш Х. Эрдэнэбаатартай ярилцлаа.
Х.Эрдэнэбаатар: Бидний судалгаанд орсон буган хөшөөт хэрэгсүүрийн соёл гэж хэлээд байгаа. Хэнтий, Сүхбаатарын нутгаас зүүн тийш бүх нутгаар байна. Хүннүгийн өмнө байсан анхны төрт улсын үлдээсэн соёл. Бид хүннүгийн төрт ёс байгуулагдсаны 2220, 2030 жилийн ой тэмдэглээд байна. Модун Шанью хаан ширээнд суусан албан ёсны ой. Модуны өмнө 4-н Шаньюугийн түүх байна. Түүнээс өмнөх 1500 жилийн өмнө үлдээсэн соёл бол энэ. Археологийн судалгаа, түүхийн баримт бол Буган хөшөөт хэрэгсүүрийн соёл юм. Бид үүнийг археологийн судалгаа түүхийн баримтаар нотолж монголынхоо түүхэн цаг хугацааг урагшлуулах бололцоо бий болоод байгаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг, Хануй голын хөндийн Балгасын тал дахь Гол мод 2-ын язгууртны 1-р булшны малтлага судалгаагаар илэрч олдсон Хүннүгийн хааны сүйх тэрэгний хөллөгөөнд байсан морины алт, мөнгө, хүрэл тоног чимэглэлүүдийг мөн дэлгэжээ. Эдгээр алт, мөнгө, хүрэл тоног чимэглэлүүд дээр нэг эвэрт домгийн амьтнаас гадна ямаа, гөрөөс, бар, ирвэс зэрэг амьтдыг маш гоёмсог дүрсэлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.
Х.Эрдэнэбаатар: Хүннүгийн хааны булшнаас гарсан сүйх тэргэнд хөллөж байсан адууны хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс. Бид сэргээгээд зурчихсан байна. Үүний нэг баримт нь Ховд аймгийн Үенч сумаас олдсон олдвор дээр байна.Эд ангиуд нь бас байна. Үүнийг хийх бололцоотой. Энэ алт мөнгөн чимэглэл дээр бэрс гэдэг амьтныг дүрсэлсэн. Шатрын нүүдэлд бэрс дуртай нүүдлээ хийдэг. Энэ бол нарны билэгдэл. Эртний хүннү нар өглөө наранд мөргөдөг. Шөнө саранд мөргөдөг. Байгаль ертөнц бол амьтай гэж үздэг. НАСА-гийн авсан нарын дүрс энэ амьтны хөдөлгөөнтэй их төстэй. Оюун санаанд нь төсөөлөгдсөн энэ хүчирхэг байдал бидний амьдралын эх болсон нарнаас үүдэлтэй. Алт мөнгөн чимэглэл дээр байгаа энэ амьтан ганц эвэртэй. Зөвхөн хаан хүний булшнаас нэг эвэртэй амьтны дүрстэй эд зүйл гардаг. Энэ нь тэнгэр язгууртай цорын ганц хүн гэсэн санаа. Амьтны загварт урлагийн бас нэг жишээ энэ байна. Хүрэл зэвсгийн үед хийсэн бүсний тээг. Нэг чимэглэл дээр хоёр гурван амьтныг зэрэг дүрсэлдэг нь манай нүүдэлчдээс эхтэй.
Үзэсгэлэнийн бас нэгэн онцлох үзмэр нь Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн шилэн аяга байлаа. Энэ үзмэр Ази тивээс олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй дурсгалд тооцогддог. Энэ нь тухайн цаг үед хаадын бэлэг сэлтэнд дагалдан ирж байсан гэж судлаачид үзэж байна. Мөн үзмэрт дэлгэн харуулж байгаа халтар хашаар хийсэн сийлбэртэй хаш эдлэл нь нэн ховорт тооцогддог гэнэ. Учир нь булшны малталгаар хаш эдлэлийг бүтнээр нь олдох нь туйлын ховор байдаг байна.
Улаанбаатар их сургуулийн Археологийн музейн тухайд 2012 онд байгуулагдсан. Тус сургуулийн археологийн тэнхимийн судлаач, профессор багш нар 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн суурь судалгааны ажлын үр дүнд илэрсэн соёл, археологийн дурсгалуудаар сан хөмрөгөө байна баяжуулсаар ирсэн юм.
Үзсэн: 2798
Tweet
Amlgzbuign
19 Apr 2018 09:56:58
https://onlinecasino.gb.net/# - play free for real money <a href="https://onlinecasino.gb.net/#">play slots online for money</a> <a href=" https://onlinecasino.gb.net/# ">online casino games</a>