ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаан 3 дахь жилдээ
ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаанд оролцохоор 700 гаруй оюутан залуус материалаа ирүүлсэн нь Монголын хүүхэд, залуус НҮБ-ын загвар хуралдаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа харагдаж байна.
Монгол Улс 1962 оны 11 сарын 1-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд нийт 10 конвенцид нэгдэн орж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсаас 23 өв бүртгүүлээд байна. Хамгийн сүүлд Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д албан ёсоор бүртгүүлсэн юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган хэрэгжүүлж ирсэн билээ.
Хамтран ажилласан 55 жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулахад анхааран ажиллаж иржээ. Тиймдээч ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Модель ЮНЕСКО” буюу ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанд оролцохоор хот хөдөөгийн 700 гаруй оюутан залуус материалаа ирүүлсэн нь сүүлийн үед НҮБ-ын загвар хуралдаанд Монголын хүүхэд, залуус ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нэг илэрхийлэл юм.
ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаан НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн бага хурлын чуулганыг загварчилан хуралддагаараа онцлог юм. Тус хуралдаан нь дэлхийн өнцөг бүрт байрлах дунд сургуулиудаас эхлэн их сургуулийн хэмжээнд зохиогддог. Оролцогч залуус дэлхийн улс орнуудыг төлөөлөн оролцож, тухайн орны гадаад бодлого, байр суурийг илэрхийлж, илтгэл тавин хамгаалж бусад орнуудтай хамтран дундын шийдэлд хүрдэг юм. Түүнчлэн дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөв шийдлийг эрэлхийлдгээрээ онцлогтой. Загвар хуралд оролцсоноор оюутан залуус судалгаа хийх, илтгэх, мэтгэлцэх ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрийн болон бусад улс орнуудын талаар нарийвчлан судалж, орчин үеийн олон улсын нөхцөл байдлын талаар мэдлэгээ арвижуулах ач холбогдолтой юм. Энэ жил Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй дэлхий ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны 150 гаруй оюутан залуус 3 хэсэг болон хуралдлаа гэж ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаан ерөнхий нарийн бичгийн дарга Н.Халиунаа ярьж байна.
Энэ хурал яадаг вэ гэхээр залуучуудын Юнескогийн загвар хурал гэж нэрлэгддэг байгаа. Хурлын гол санаа нь улс орнуудын төлөөлөл болоод ЮНЕСКО-гийн хүрээнд асуудлаа хэлэлцдэг байгаа. Эцсийн үр дүн нь тогтоолын төсөл батлах байдалтайгаар явагддаг. Энэ жил хүрээгээ тэлээд нийт 700 гаруй апплейкешн хүлээж авсан. Энэ нь өнгөрсөн жилүүдээс 3 дахин их үзүүлэлт юм. Энэ жилийн сэдвүүд нь соёл боловсрол болоод нийгмийн ухааны хүрээнд хэвлэл мэдээлэлийн эрх чөлөө, соёл хоорондын хамтын ажиллагаа, хүн болгонд хүртээлтэй боловсрол гэсэн 3 үндсэн сэдвээр 150 гаруй оролцогчид 3 хэсэг болон хуралдаж байна. Нэг хэсэг нь англи хэл дээр хуралдаж үлдсэн 2 хэсэг нь монгол хэлээр хуралдаж байна. Эндээс шалгарсан шилдэг 3 төлөөлөгч Олон улсын залуучуудын хуралд оролцох эрхээр шагнагдана. Үр дүнг нь 2 талаас харж болно. Оролцогчид багын хамтын ажиллагаа, илтгэх ур чадвар, хоорондоо мэтгэлцэх ур чадвар, дипломат ёс суртахууны талаарх мэдлэг чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хуралд нийт 18 орны төлөөлөл бүрдэж байгаа үүнд АНУ, Хятад, Орос, Монгол гэх мэт орнууд яг тухайн улсынхаа байр суурьнаас хэвлэл мэдээлэл, соёл, бүх нийтийн тэгш боловсрол гэсэн сэдвийн хүрээнд сэдвээ судлаад хуралд ирэхдээ тэр улсуудынхаа өмнөөс дүрд нь ороод байр сууриа илэрхийлж төлөөлөгч нь болоод хуралддаг юм.
Загвар хуралдаан нь залуучуудад НҮБ-ын үйл ажиллагааг сурталчилах, хурлын болон дипломат дэг ёсны мэдлэгтэй болгох, олон улсын харилцааны нөхцөл байдлын талаар судалгаа хийх, арга шийдэл хайх зэргийг заах зорилготой үйл ажиллагаа юм. Энэ жил дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудаас гурвыг нь сонгож, салбар хуралдаан зохион байгуулсны нэг нь англи хэлээр, хоёр нь монгол хэлээр явагдсан. Бид “Соёл хоорондын харилцаа, олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд “Монгол” улсыг төлөөлж байгаа багийн гишүүн, ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдааны оролцогч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Мягмардоржтой ярилцлаа.
Би хувь хүнээр буюу бие дааж апплейкешн өгөөд хувь хүнээр апплейкешн өгч орсон хүмүүстэй нэг баг болж Соёлын хороонд оролцож байна. Энэ жилийн хувьд соёлын холбогдолтой өгөгдсөн сэдэв нь соёл хоорондын ялгаатай байдал түүний харилцан ойголцолыг сайжруулах гэсэн сэдэвтэй байгаа. Оюутнууд болгон нэг улсыг төлөөлж тухайн орныхоо туршлагуудыг судлаад тэр улсуудынхаа өмнөөс ярилцаж асуудууд юу байна яаж шийдвэрлэх вэ гэж хуралдаж байна. Миний хувьд Монгол улсыг төлөөлж байгаа тийм болхоор амьдаралд маш ойрхон. Үндсэн дэвшүүлж байгаа санаа нь соёл шашны мөргөлдөөн том том асуудлууд байгаа гэхдээ зарим тохиолдолд олон улсын харилцаа, хууль талаасаа ОУ-ын байгууллагууд оролцож болох, болохгүй асуудал гэж байдаг. Дэлхий дахинд олон хүмүүс үхэж байна бид оролцож юм хийх ёстой гээд байдаг боловч яг хуулийнхаа талаас оролцох боломжгүй асуудлууд байдаг. Байр суурийн тал дээр ЮНЕСКО-гийн гишүүн улс болгон том жижгээс үл хамааран адил байр сууритай оролцдог. Энэ нь нэг улс нэг саналтай гэсэн үг. ЮНЕСКО-гийн Бээжин оффис гэдэг нь Зүүн өмнөд Азийг хамарсан үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд Монгол улс маш идэвхитэй оролцдог. Манай залуучуудын эдгээр байгууллагууд хэрхэн ажилладаг, зарчим нь юу вэ, бид нар түүнд яаж оролцдог гэх зэрэг ойлголт миний бодлоор хангалтгүй гэж бодож байна. Тийм учраас Монгол улс ЮНЕСКО- гоор дамжуулж юу хийж болох вэ гэдгийг сайн ойлгохгүй байж магадгүй. Энэ чуулганд сууснаараа Монгол улс яаж оролцох юм бэ? бусад улс яаж оролцдог талаар ойлголтыг авч чадсан.
Залуучуудын загвар хуралдааныг манай улс 2015 онд “Тогтвортой хөгжил дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо”, 2016 онд “Хүчирхийллийн туйлширсан хэлбэрүүдтэй тэмцэх урт ба богино хугацааны арга замууд” сэдвээр зохион байгуулж байжээ. Жил бүрийн ЮНЕСКО-гийн Залуучуудын загвар хуралдаанаас батлан гаргасан тогтоолын төслийг Монгол дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт хүргүүлдэг байна.
Үзсэн: 1457
Tweet