Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол - Туркийн харилцаа"


Densmaa 2017-11-21 07:11

БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язал: "Аугаа түүхтэй хоёр орны хувьд 2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойд өндөр ач холбогдол өгч тэмдэглэх нь зүйтэй".

        Монгол улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Гэхдээ Монгол-Турк хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 48 жилээр хязгаарлагдахгүй юм. Хоёр орны ард түмний харилцааны түүх манай тооллын өмнөх 3-р зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний үеэс эхтэй. Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байсан тухай түүхийн олон баримт сэлт бий. Энэхүү түүхийн гэрч болсон 200 орчим түүх, соёлын олдвор, хөшөө дурсгал, хүн чулуу, бичээс болон булш Монголын тал нутагт байдаг. Харин орчин цагт хоёр орны харилцаа хурдацтайгаар хөгжиж “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүрч, Турк улс манай гурав дахь хөршийн тоонд зүй ёсоор орох болсон. Бид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд хэтийн төлвийн талаар ярилцахаар БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд М. Ахмет Язалыг урин оролцуулж байна.

           Монгол Турк улсууд нэн эртний түүхэн харилцаатай. Хоёр улсын хооронд орчин цагийн дипломат харилцаа тогтоогоод бараг хагас зуун жил болох гэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Та энэ оны эхээр Монгол улсад Элчин сайдаар томилогдон ирсэн. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав? Аль салбарт түлхүү анхаарал тавьж ажиллаж байна вэ?

        Элчин Сайд М.Ахмед Язал: Юуны өмнө намайг урьж, Монголын сонсогч, уншигчидтай уулзуулж байгаад баярласнаа илэрхийлье. Таны хэлснээр би 2017 оны эхээр буюу 1-р сарын 3-нд гэр бүлийнхээ хамт Монголд ажиллаж, амьдрахаар ирсэн. Энэ миний үзсэн хамгийн хүйтэн өвөл байсан шүү. Цаг уурын хувьд хүйтэн байсан хэдий ч хамт ажиллагсад, Монгол найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээ харахад Монгол орон сэтгэлд дулаан орон юм гэсэн сэтгэгдэл төрсөн. Таны дурдсанчлан хоёр улс маань салшгүй түүхэн холбоотой. Тийм болохоор Турк хүний хувьд Монгол орон сэтгэлд дотно санагддаг. Энэхүү түүхт холбоо нь хоёр улсын уламжлал, зан заншилд нөлөө үзүүлсэн нь харагддаг. Хэдхэн зуун жилийн өмнө Монголын үзэсгэлэнт орон болон Анатолия, Турк улсын хооронд худалдаа, наймаа өргөн дэлгэр явагддаг байсан. Тиймдээ ч Турк, Монгол хоёрын хоорондын ижил төстэй, нэг нэгнээсээ санаа авч хөгжсөн зүйл маш олон байдгийг Монголд өнгөрүүлсэн жил орчмын хугацаанд бараг өдөр бүр ажиглаж байлаа. Өмнө нь төдийлөн анзаарч байгаагүй энэхүү соёлын нийтлэг шинж бүхий зүйлсийг өдөр тутмын амьдралдаа ажиглах нь их сонирхолтой бөгөөд таатай байдаг. Олон жилийн зуун жилийн өмнө бидний өвөл дээдэс Түрэг угсаатнууд Монгол нутагт амьдран суурьшиж байсан түүхтэй. Тиймээс Түрэгийн үеийн түүхийн хамгийн эртний бичээс, хөшөө дурсгалууд Монголд хадгалагдан үлдсэн байдгаас Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө нийслэл Улаанбаатар хотын төвөөс 50км зайд оршиж байгаа. Хэдий Түрэг өвөг дээдэс маань суурьшиж байсан газар нутгаа сольсон ч Монгол орон бол бидний эртний гэр орон юм.

      Монголчууд бидний хуучны анд нөхөд гэдэг утгаараа БНТУ, Монгол улс хоёрын дунд тогтсон нөхөрлөлийн холбоо нь хэзээд бат бөх байдаг. Олон мянган жилийн холбоотой хоёр улс маань сүүлийн 50 орчим жилийн өмнөөс л дипломат харилцаатай болсон. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 48 жил болж байна. Аугаа түүхтэй хоёр орны хувьд 2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойгоо өндөр ач холбогдолтой тэмдэглэх нь зүйтэй гэж бодож байна.

      Манай хоёр улсын хувьд улс хоорондын болон дэлхий нийтийн шинжтэй ямарваа нэгэн үл ойлголцол, зөрчил тэмцэл, улс төрийн маргаан гарч байгаагүй, нэн таатай харилцаатай байсаар ирсэн. Элчин сайд хүний хувьд тогтвортой сайхан харилцаатай улс оронд, найрсаг хүмүүстэй хамт ажиллаж амьдарна гэдэг мэдээж том завшаан. Тийм учраас миний хувьд Монгол улсад ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Харилцаа сайхан байна гээд цаашид сайжруулах хэрэгцээ байхгүй гэж бодож болохгүй. Хамтын харилцааг улам хөгжүүлэх нь дипломатч бидний үүрэг билээ. Монгол Туркийн харилцааг харахад нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй салбар бол эдийн засгийн салбар. Хоёр орон энэ салбарт хамтарч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөсгөх хэрэгцээтэй байна. Тиймээс Монгол Турк улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна.

         Монгол Туркийн ард түмэн эрт дээрээс түүхэн харилцаатай байж ирсний ул мөр өдгөө Монгол нутагт хадгалагдан үлдсэн байдаг тухай та сая дурдлаа. Туркийн засгийн газрын зүгээс эдгээр түүхэн дурсгалуудыг хадгалах, хамгаалах чиглэлийн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэгт Монголчууд талархалтай байдаг. Мөн эдгээр түүхэн дурсгалуудыг үзэж сонирхох хүсэлтэй Турк хүмүүс олон байдаг байх. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүхийн ховор нандин дурсгалыг олон нийтэд сурталчлах тал дээр ямар ажил хийж байна вэ?

      Элчин Сайд М.Ахмед Язал: Аялал жуулчлалын салбарыг мөн адил онцгой авч үзэх нь зүйтэй юм. Ялангуяа өвөг дээдсийнхээ өлгий нутаг Монгол оронд ирж үзэх сонирхолтой Турк хүмүүс маш олон байдаг. Би анх Билэг хаан, Культегиний гэрэлт хөшөө зэргийн тухай уншиж байхдаа өөрийн биеэр энд ирж, нүдээрээ үзэж харна гэж төсөөлөөгүй байсан. Тэгээд Монголд ирээд өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг үзээд сэтгэл үнэхээр их хөдөлж байсан шүү. Монгол улсад Түрэгийн үед холбогдох 150 хөшөө дурсгалын зүйлс байдаг гэж бүртгэгдсэн байдаг. Манай  хөгжлийн агентлаг ТИКА-гаас тухайн олдворуудын хадгалалт, эрэл хайгуул зэрэгт анхаарал тавьж ажилладаг. Олдворууд нь Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон Монгол түүхтэй холбогдох учраас мэдээж өмчлөх эрхийг Монгол улс эзэмших ёстой. Хөшөө дурсгал бусад олдворуудыг хайж олох, хүмүүст хүргэх олон ажил хийгддэг. Зарим олдворууд нь Монголын музейнүүдэд дэлгэн тавигдсан байгаа. Бидний зүгээс Туркийн болон Монголын түүхтэй холбоотой эдгээр ховор олдворуудад анхаарал хандуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын соёл өвийг хадгалж, хамгаалахад хувь нэмрээ оруулж ажиллахад анхаарч байна. Аялал жуулчлал бол их ач холбогдолтой салбар. Туркээс Монголд ирж буй, ирэхийг хүсдэг олон жуулчид байгаа. Монгол улс нь өөрөө дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн анхаарлыг татахуйц үзэсгэлэнтэй байгальтай, онцгой түүхтэй улс учир зөвхөн Турк гэлтгүй олон жуулчдыг цаашид Монголд ирж аялахыг нь уриалж, тэдний тоог нэмэгдүүлэх тал дээр Turkish airline нислэгийн компанитай хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбар хөрөнгө оруулалт хийж, зочид буудлын ажилчдыг бэлтгэх, бизнес аялал зэрэг төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголыг зорин ирэх жуулчдад зориулан нислэгийн тийзийг хямдруулах тал дээр анхаарч, зөв гарцаа олж чадвал Монгол улс аялал жуулчлал өндөр хөгжсөн, жуулчдын хөл тасардаггүй орон болох бүрэн боломжтой юм.

          Монголчууд Турк улсад 30 хоног визгүй зорчих болсон нь хоёр орны аялал жуулчлал төдийгүй жирийн иргэдийн харилцаанд сайнаар нөлөөлөх чухал алхам болсон. Цаашид хоёр орны иргэдийн харилцааг гүнзгийлүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

         Элчин Сайд М.Ахмед Язал: Бидний явуулж буй олон хөтөлбөрүүдээс олон жилийн түүхтэй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг онцолмоор байна. 1990-ээд оноос эхлэн Туркийн их дээд сургуулиудад суралцахаар хүсэлт гаргасан Монгол оюутнуудаас шалгаруулж тэтгэлэгтэйгээр Туркид суралцуулсаар ирсэн. Миний санаж байгаагаар 1200 оюутан манай улсад тэтгэлэгээр суралцаад ирсэн байгаа. Тэдгээр төгсөгчид хоёр орны харилцааны гүүр болж, Турк хүмүүстэй зөвхөн боловсролын эсвэл албаны харилцаатай байхаас гадна албан бус, нөхөрлөлийн, хувийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг. Турк улсад очиж байсан, аялж байсан олон Монголчуудаас “Туркид байхад гадаадад биш, эх орондоо байгаа юм шиг дотно санагддаг” гэж ярихыг олонтоо сонсож байснаа хэлэхэд таатай байна. Турк хүмүүс Монголчуудад элэгтэй ханддагийн нэгэн адил Монголчуудын дунд амьдрахад надад яг тийм таатай мэдрэмж төрдөг. Гэвч хоёр орон маань газарзүйн байрлалын хувьд зайтай оршдог тул дэд бүтэц, зам тээврийн зарим асуудлууд байсаар байна. Туркээс Монголд ирж байгаа, Монголоос Турк руу зорчиж байгаа хүмүүс, аялагчдын тоо тийм ч өндөр биш байгаа нь үүнтэй холбоотой юм. Гэсэн хэдий тун удахгүй хоёр орны аялагч, зорчигчдын тоо өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Хоёр улсын хооронд тогтсон энэ найрсаг холбоо харилцааг цаашид улам өргөжүүлэхийн тулд иргэдийг илүү тухтай, зардал чирэгдэл багатайгаар хоёр улсын хооронд зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна.

          Хоёр орны бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ? Туркууд Монголчуудтай ямар салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ? Туркээс орж ирж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулж өгнө үү?

      Элчин Сайд М.Ахмед Язал: Миний өмнө дурдсанчлан бизнесийн харилцаа нь бусад салбартай харьцуулахад хамгийн бага хөгжсөн, тусгайлан анхаарч үзэх шаардлагатай салбар юм. Үүний нэг шалтгаан нь Турк улсын бизнесменүүд Монголд хөрөнгө оруулахын үр өгөөжтэй талыг төдийлөн мэдэхгүй байгаад оршиж байна. Иймд Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Туркийн бизнес эрхлэгчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулахын давуу талыг таниулах, сурталчлах зорилгоор Монгол улсын засгийн газар, холбогдох албаны хүмүүс болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэгтэй хамтарч ажиллаж байна. Манай хоёр орон сайн харилцаатайн дээр монголчууд Туркуудэд найрсаг ханддаг. Мөн Турк хэлээр ярьдаг Монгол хүмүүс олон байдаг зэргээс харахад бизнесийн салбарт Туркийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж өндөр байгаа юм. Үүний дагуу энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр Монгол улсын Засгийн газартай хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна. Тус хэлэлцээрээр Туркийн бизнес эрхлэгчдийг Монгол улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад нь түлхэц үзүүлэх үүднээс хоёр талаас юун дээр анхаарч ажиллах, мөн хоёр улсын бизнесмэнүүдийг холбох бизнес форумыг зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм. Бизнес форумыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчид нүүр тулан уулзаж, хамтын ажиллагаа үүсэх боломжтой болох юм.

       Туркийн Засгийн газрын зүгээс Монголын нийгмийн болон хүмүүнлэгийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тусламж дэмжлэг үзүүлдэг. Эдгээрийн дийлэнх нь Туркийн хамтын ажиллагааны байгууллага болох ТИКА-гаар дамжин хэрэгждэг. ТИКА-гийн Монгол дахь салбарын үйл ажиллагааны талаар товч танилцуулж өгнө үү?  

            Элчин Сайд М.Ахмед Язал: Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болох ТИКА нь 1990-ээд оны эхээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бидний бахархал болсон тус байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын үйл ажиллагаанаас нь БНТУ-ын Монгол улстай ямар холбоо харилцаатай байдгийг харж болно. Найрсаг харилцаатай Монгол улстай үр өгөөжтэй хамтран ажиллахын тулд Монгол улсын засгийн газар, харьяа агентлаг, төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцаж, хүндрэлтэй асуулдыг хамтран даван туулах, тэдний үйл ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажилласаар ирсэн. Бид Монголчуудад хэрхэн яаж туслах, ямар төсөл хэрэгжүүлэх тухайгаа ярихаас илүү Монголын холбогдох албаны хүмүүсээс өөрсдөөс нь юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа, юу үгүйлэгдэж байгааг нь мэдэж авахыг эрхэмлэдэг. Учир нь ямар чиглэлд хамтран ажиллах шаардлага, хүсэл сонирхолтой байгаагаа тухайн байгууллага, хүн өөрөө хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Тухайн хүсэлтүүдийг туслахуудаараа дамжуулж хүлээн аваад хэрэгжүүлэх боломжит байдлыг нь хэлэлцэж үзээд төсөл боловсруулах эсэхээ шийддэг. Яг нарийн тоо хэлж мэдэхгүй байгаа ч 500 гаруй төсөл хөтөлбөрүүдийг ТИКА-гаас боловсруулж хэрэгжүүлээд байгаа санагдаж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа оршиж байгаа цагт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

       Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ЭСЯ-ны зүгээс цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

       Элчин Сайд М.Ахмед Язал: Элчин сайдаар ажиллахыг буухиа уралдаанд оролцохтой зүйрлэж болно. Өмнөх элчин сайдынхаа орыг залгана гэдэг уралдаанаар бол дарцаг дамжуулж авч байна гэсэн үг. Нэг ялгаа нь бидний ажилд бариа гэж байхгүй зогсолтгүй үргэлжилсээр байдаг. Дарцгаа хэр хол хүргэх вэ гэдэгт л анхаарч ажиллах хэрэгтэй. Өөрийн орны засгийн газар болон энд хамтарч ажиллаж байгаа байгууллага, эрх баригчдын тус дэмжлэгийг хангалттай авч байгаа болохоор дараагийн сайддаа ажлаа өгөхдөө гартаа барьж буй дарцгаа одоо байгаагаасаа хамаагүй хол зайд аваачихын төлөө хүчээ дайчлан ажиллах болно. Магадгүй жилийн дараа та бүхэнтэй дахин уулзахдаа хоёр улсын бизнес, худалдааны салбарт ямар ямар хөгжил дэвшил гарсныг ярилцана гэж найдаж байна. Энэхүү зорилгодоо хүрч чадвал бүрэн эрхийн хугацаа дуусах үедээ сэтгэл хангалуун Монголоос буцах байхаа. 

       Манай урилгыг хүлээн авч, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлага өгсөнд баярлалаа. 

    

Үзсэн: 3095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна