НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал ХБНГУ-д болж байна
"Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал" сэдвийн дор 330 хотын дарга, төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал ХБНГУ-ын Бонн хотноо үргэлжилж байна. Хурлаар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг асуудлуудыг түлхүү хэлэлцжээ. "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал" сэдвийн дор 330 хотын дарга нар, 1000 гаруй хотын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байгаа юм. Орон нутгийн засаг захиргаад болон бүсийн хэмжээний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ИКЛЭЙ олон улсын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган энэ удаагийн чуулга уулзалтыг даргалан явуулж байна. Чуулганд оролцогчид 3 үндсэн чиглэлд цаашид төвлөрөн ажиллах тухай тунхаглалыг гаргажээ. Тухайлбал хотууд өөрсдийн нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын хотуудад нэвтэрсэн дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, харилцан солилцох, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх. Мөн олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг орон нутагт чиглүүлэн ашиглах замаар зорилтоо биелүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.
Үзсэн: 1154
Tweet