ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ, ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ
Жэофф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ
ОУВС-гаас “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ хэмээн Төвбанкнаас мэдээллээ. Жэофф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 10 дугаар сарын 18-аас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж үнэлгээний яриа хэлэлцээг хийсэн байна. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб гаргасан мэдэгдэлдээ “Эдийн засаг тооцоолж байснаас өндөр өсөлттэй байна. Нүүрсний экспорт нэмэгдсэн, үйлчилгээний салбар эрчимтэй сэргэж байгаа, ОУВС-гийн дэмжлэгээр хэрэгжүүлэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлагдсаны дараа эдийн засагт итгэх итгэл сэргэсэн. Үүнтэй холбоотой ДНБ-ийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол энэ онд ДНБ-ийн 7.5 хувьтай тэнцүү гарахаар байна. Эрх баригчдын УИХ-д өргөн барьсан 2018 оны төсвийн төсөл нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон үзүүлэлт болох ДНБ-ийн 6.5 хувиас хэтрэхгүй алдагдалтай байх шалгуурыг хангаж байна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдсэний зэрэгцээ 2017, 2018 онд эргэн төлөгдөх ёстой байсан гадаад бондыг өндөр биш хүүтэйгээр дахин санхүүжүүлж чадсанаар гадаад секторын орчинд тулгарч байсан гол эрсдэл ариллаа. Эрх баригчид бүтцийн шинэчлэлийн том зорилтуудаа эхнээс нь хэрэгжүүлээд байна. Шинэчлэлийн эрч хүчийг 2018 онд бүрэн хадгалж, хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн эдгээр бодлогын урт хугацааны үр өгөөжийг бататгах нь чухал болж байна” гэжээ. Энэхүү мэдэгдэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь юм. Үнэлгээний урьдчилсан үр дүнд үндэслэн ажлын хэсэг тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа “Захирлуудын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргана. Дашрамд дурдахад дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 434.3 сая ам. долларын зээл олгох юм.
Үзсэн: 1449
Tweet