Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Говь газрыг усжуулах, шинэ хот байгуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялгийг боловсруулах зэрэг салбарт хамтран ажиллах боломж харагдаж байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансурийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх удаагийн танилцах уулзалт дээр тавьсан аялал жуулчлал, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зэрэг саналууд эрчимтэй явж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Аялал жуулчлалын талаар хамтарч ажиллах санамж бичиг байгуулах саналыг Катарын талаас ирүүлсэн байна. Мөн Катарын тал Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож байгааг Элчин сайд онцолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харилцан ашигтай бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар өмнөх уулзалт дээр санал тавьж байснаа дурдаад газрын баялгаа зүй зохистой ашигладаг, элсэн цөлд хот байгуулж, улс орноо хөгжүүлж байгаа зэрэг олон сайн туршлага Катар Улсад байдгийг тэмдэглэж, эдгээрээс монголчууд суралцах хэрэгтэй байна. Говь газрыг усжуулах, шинэ хот байгуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялгийг боловсруулах зэрэг салбарт хамтран ажиллах боломж харагдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.
Үзсэн: 1398
Tweet