Монгол Хүүхэд - Бүргэдчин охин Н.Айшолпан
Бүргэд жилд 4 нас нэмдэг төдийгүй 360 орчим насалдаг гэх яриа байдаг
“Монгол хүүхэд“ цувралын шинэ дугаар эхэлж байна. Бид үе тэнгийнхнээ маналайж тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа амжилт бүтээлийн эзэдтэй сонсогчдыгоо уулзуулдаг. Энэ удаад “Бүргэдчин охин”- Н.Айшолпаныг онцолж байна. Түүнийг 13 настай байхад нь Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгий аймагт зочлохдоо анх удаа гэрэл зургийг нь авч сурвалжлага хийсэн нь “ВВС” агентлагийн цахим хуудаснаа гарсан юм. Улмаар түүний тухай “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” баримтат кино бүтсэн түүхтэй.
Айшолпон анх 10 настайдаа ахынхаа бүрдгээр ан хийж эхэлжээ. Тэрээр “Бүргэд их зоригтой бас хүчтэй бахархмаар амьтан. Хоолоо идэх болохоор баярлаж байгаа нь хүртэл андашгүй, нүд нь гялалзаад ирдэг” гэж ярьж байлаа. Түүний кинонд тоглохдоо барьсан бүргэдийг “Цагаан өд” гэдэг. Далавчин дээрээ цагаантай болохоор ингэж нэрлэжээ. Бүргэдтэй анчид -40 хэм хүртэл хүйтэрдэг тэсгэм өвлийн хүйтэнд анд гардаг. Ихэвчлэн хэд хэдээрээ нэгдэж, анд гарах төдийгүй морин дэл дээр уул ус гаталж, ойр орчмоо хангалттай сайн ажиглаж болохуйц өндөрлөг газарт хүрдэг байна. Ингээд үнэг, туулай зэрэг амьтдыг олж хармагц мөрөндөө суулгасан бүргэдийнхээ нүдний хаалтыг авч, сул тавина. Сул тавьсан бүргэд ангаа барьж чадахгүйд хүрвэл дараагийн бүргэдийг хүч хавсруулахаар “илгээдэг” байна. Бүргэд жилд 4 нас нэмдэг төдийгүй 360 орчим насалдаг гэх яриа байдаг гэж Айшолпан онцолж байлаа.
Айшолпан: Би 2013 онд долоодугаар ангид байхаасаа кинонд тоглож эхэлсэн. Ашер Свиденски гэж хүн ирээд миний зургийг анх авсан юм. Дараа нь найруулагч Отто Белл гэж хүн ирээд тэр кинонд тоглох санал тавиад, аав ээж маань зөвшөөрөөд тоглож эхэлсэн. Тэд яагаад дандаа эрэгтэй хүмүүс барьдаг юм? Яагаад эмэгтэй хүн барьдаггүй юм? гээд аавтайгаа хамт явахдаа нэг үзээд, дараагаар зураг авалтаа авч эхэлсэн. Киноны зураг авалт хоёр жил хагас үргэлжилсэн. Анх зураг авалтад орохдоо их ичдэг байлаа. Харин сүүлдээ дассан. Би багаасаа бүргэдтэй хамт өссөн. Аавын аав бүгд бүргэдчин хүн байсан. Ах маань сургуулиа төгсөөд их сургуульд ороод бүргэд нь үлдсэн. Би ааваасаа бүргэд барьж болох уу? гэсэн аав зөвшөөрч арван настайдаа анх бүргэдийн ангаахай авсан юм. Бүргэд бол 350 насалдаг гэж сонсож байсан дөрвөн сард нэг нас нэмдэг. Дэгдээхий байхад нь үүрэн дээр нь аргамжаагаар бууж авдаг. Би анх удаагаа кинонд тоглохдоо авсан. Миний сургаж байгаа бүргэдийг Ахганат гэдэг. Анхандаа хэцүү байсан. Гэсэн ч багаасаа өссөн болохоор одоо бол тийм ч хэцүү биш. Бүргэд өдөрт 500гр мах иддэг. 9 сарын 25-наас 5-р сарын 25 хүртэл ан барьдаг. Эм бүргэд, эр бүргэд гэж байдаг. Эм бүргэдийг барьдаг яагаад гэхээр эм бүргэд хүчтэй харин эр бүргэд жижигхэн биетэй зориг муутай. Харин эм бүргэд юм болгонд зоригтой байдаг.
Бүргэдийг барьж гаршуулахад ангаахай байхад үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэсэн хоёр янзын аргыг хэрэглэдэг. Бүргэд өндөр уулын хадан цохионд үүрээ засдаг бөгөөд ихэвчлэн хоёр ангаахайтай байдаг. Хамгийн өндөрт зассан бүргэдийн үүрнээс ангаахайг нь авбал их сайн гэж бүргэдчид үздэг байна. Тиймээс Айшолпан охин баримтат кинонд тоглохдоо 180 орчим метр өндөр хадан хавцлаас бүргэдийн ангаахай барьжээ. Бүргэдийг ан хийж сургахад маш нарийн арчилгаа, хичээл зүтгэл шаардагддаг. Харин Айшолпан охин хувьд багаасаа бүргэдтэй ойр өссөн тул бүргэдээ сургахад тийм ч хэцүү байгаагүй гэж байлаа. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал, морьтой явахад зориулагдсан суулгадаг ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг уламжлалт тоног хэрэгсэл хэрэглэдэг. Бие томтойг нь бодолцож ан хийхэд голдуу эмэгчин бүргэдийг сонгодог аж. Нас бие гүйцсэн эмэгчин бүргэд дунджаар 7 кг жинтэй, далавчны урт 230 см байдаг байна. Хэдэн жилийн турш тасралтгүй ан хийлгэсэн бүргэдээ эзэн нь хаврын урин цагт нэг л өглөө байгаль дэлхийд нь буцааж тавьдаг уламжлалтай. Ингэхдээ уулын оройд бүтэн хонины мах тавьж, олон жил ан гөрөөлөхөд хамт зүтгэсэн бүргэдээ үддэг заншилтай гэнэ.
Айшолпан: Хамгийн дурсамжтай гэвэл бүргэдийн баяр, бас үүрнээс дэгдээхий авсан. Энэ кино анх Нью-Йоркт нээлтээ хийсэн түүний дараа Лос Анжелс, Канад ,Торонто, Дубай, Доха гэх мэт олон газруудад очиж байсан. Би энэ кинонд тоглосноос хойш олон өөрчлөлт хийсэн олон газарт очиж, олон хүмүүстэй уулзсан оддын дайнд тоглодог. Дайсийтэй уулзаж байсан. Тэгэхэд Монголын талаар, бүргэдийн талаар олон юм асууж байсан. Анчин болсны дараа 2015 оноос эхэлж бүргэдчин охин болсон. Өвөл 40-градус хүйтэн байдаг үнэгний арьс, чонийн арьсаар хувцас хийж өмсдөг. Нэг ахтай, хоёр дүүтэй, аав ээжтэй, бэр эгчтэйгээ амьдардаг. Нью-Йорк анх очиход гоё байсан. Тэнд өндөр байшин, энд өндөр уулстай байсан. Хүмүүсийн харилцаа гоё байсан маш дотно. Тэд хэнээс ч ичдэггүй бүгдийг асуудаг. Манай Монголын хүүхдүүд ичээд юм сайн ярьж чаддаггүй. Би Монголоороо бахархдаг. Байгаль дэлхий сайхан.
Ирээдүйд эмч болох хүсэл мөрөөдөлтэй Айшолпан “Бүргэдчин охин” кинонд тоглосноор Харвардын их сургуульд суралцах боломжтой болжээ. Казахын ард түмэн бүргэд шувуу эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. Бүргэдээр ан ав хийх нь амьдрал ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээний агуулгыг шингээсэн байдаг. 2008 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, ЮНЕСКО-гоос 2010 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд албан ёсоор бүртгэн тунхаглажээ.
“Монгол хүүхэд” нэвтрүүлгийн энэ дугаараараа бид 2000 шахам жилийн түүхтэй бүргэд шувуугаар ан хийх соёлын биет бус өв тээгчдийн төлөөлөл болсон Айшолпан охиныг онцоллоо.
Үзсэн: 3914
Tweet