Өнөөдөр Монгол улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ой тохиож байна
Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн гишүүнээр 195 улс элсээд байна. ЮНЕСКО-гийн 30 конвенц байдгаас 10 конвенцид Монгол Улс нэгджээ. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв бий.
Тэртээ 1962 оны 11-р сарын 1-нд Монгол улс ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурж тус байгууллагын 108 дахь гишүүн орон болсон түүхтэй. Ингэснээр хүн төрөлхтний боловсрол, соёл, шинжлэх ухааны ололт амжилт, нийтлэг зарчим, хэм хэмжээг улс орондоо түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг авах, хамтран ажиллах их үйлсийн эхлэлийг тавьжээ. Энэ жил Монгол улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ой тохиож байна.
ЮНЕСКО-д элссэн цагаас хойш Монгол улсад боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлэн, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдсэн юм. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн гишүүнээр 195 улс элсээд байна. ЮНЕСКО-гийн 30 конвенц байдгаас 10 конвенцид Монгол Улс нэгджээ. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв бий. Тухайлбал Соёлын биет бус өвийн конвенцийн хүрээнд 13 өвийг соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн. Үүнээс бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, тууль, цуур, ботго авахуулах зан үйл зэрэг зургаан өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвд бүртгүүлжээ. Үүнээс гадна Монгол Улс зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн конвенцийн хугацаат тайланг зохих ёсоор дөрвөн жилд нэг удаа явуулж байна. Мөн усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцид нэгдэн орох шаардлага байгаа эсэхийг судалж байгаа юм.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг 1963 оны оны 3–р сарын 1-нд засгийн газрын 77-р тогтоолын дагуу баталж байгуулсан. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд тус комисс нь БСШУС-ын яам болон Гадаад харилцааны гэсэн хоёр яаманд харьяалагдаж иржээ. 2012 оноос ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь Гадаад харилцааны яаманд харьяалагдаж, Гадаад харилцааны сайд Үндэсний комиссийн даргаар ажилладаг бол ажлын албыг Ерөнхий нарийн бичгийн дарга ахалдаг юм. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын үйл ажиллагааны талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга С. Уянгаас тодрууллаа.
С.Уянга: Соёлын салбар маань Монгол улсыг гадаадад сурталчлах, Монгол улсын соёлын өвүүдийг ЮНЕСКО-гийн конвенцийн хүрээнд соёлын биет болон биет бус өвүүдэд бүртгүүлэх, түүнчлэн баримтат өвд архивын дурсгалт зүйлс баримтат өвийг бүртгүүлэх чиглэлээр ажилладаг. Соёлын салбар нь Ази, Номхон далайн бүсэд нэр хүндтэй нэлээн голлох үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Байгалийн, нийгмийн болон хүмүүнлэгийн гэж Шинжлэх ухааны салбар маань хоёр хуваагддаг. Байгалийн шинжлэх ухааны хувьд бол Дэлхийн өвийн хороонд Монгол улс таван өвөө бүртгүүлээд байна. Өвөө бүртгүүлснээр тухайн өвөө дэлхийн хэмжээнд сурталчлахын зэрэгцээ тухайн өвөө дэлхийн хэмжээнд хадгалах хамгаалах, хойд үедээ өвлүүлэх ажлыг хийдэг. Салбарын яам хадгалж хамгаалах сэргээн засахад анхаарлаа хандуулахын зэрэгцээ ард түмэн тодорхой үүрэг хүлээх учиртай. Түүнчлэн мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж байна. ЮНЕСКО-гийн Харилцаа мэдээллийн хөгжлийн олон улсын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороо гэж бий. Мөн Глоб интернэшнл төрийн бус байгууллага сэтгүүлчдийг үгээ чөлөөтэй илэрхийлэх, олон нийтэд мэдээллийг үнэн зөв хүргэх, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Монгол улсын хэмжээнд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал дэлхийн дурсамж хөтөлбөр гэж бий. Энэ нь баримтат өвийг бүс нутгийн хэмжээнд болон дэлхийн хэмжээнд бүртгэдэг. Хөтөлбөрийг Үндэсний төв номын сан хариуцан ажилладаг бөгөөд зургаан өвийг дэлхийн өвд бүртгүүлжээ. Сүүлийн үед конвенцийн хүрээнд үйл ажиллагаа нь улам нарийсч хоёр жилд нэг өвийг дэвшүүлэх шийдвэр гаргаад байгаа юм. Ирэх 12 сарын 4-9-ны хооронд Солонгосын Чэжү-д болох Засгийн газар хоорондын 12-р хуралдаанаар манай улс “Уул овоо тахих зан үйлийг бүртгэхээр” болжээ. Тухайн өвийг шинээр бүртгүүлэх урьдчилсан жагсаалт гэж гаргадаг. Энэ жагсаалтыг БСШУС-ын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв бэлтгэж ЮНЕСКО-д хүргүүлдэг байна. 2019 онд “Хөхүүрийн айраг”-ыг бүртгүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол улсын хувьд Ази Номхон далайн бүс нутгийнхаа хэмжээнд олон өвөө бүртгүүлсэн улсын тоонд багтдаг.
С.Уянга: Монгол улсын хувьд ЮНЕСКО-той харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд таван жил тутамд санамж бичиг байгуулж ажилладаг. Энэ санамж бичгийнхээ хүрээнд ЮНЕСКО-гийн мандаттай салбарууд бий. Энэ салбаруудад ямар ажлыг хэрэгжүүлж болох вэ гэдгээ тодорхойлдог. 2016-2021 онд тухайн салбарт авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий бодлогын түвшний тодорхойлолтыг санамж бичигт тусгасан. Түүн дээр улбаалаад Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр бусад салбаруудад авч хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдтэй уялдуулаад жил бүр ямар ажил хийхээ тодорхой болгодог. ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар нь Зүүн хойд Азийн таван улсыг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг. Бээжин дэх салбартайгаа ажил хэргийн уялдаа холбоотой ажилладаг. Бас Банкокг дахь салбар боловсролын асуудлыг тэр чигээр нь хариуцаж ажиллаж байна. ЮНЕСКО-гийн Жакарта дахь салбар байна. Энэ салбар шинжлэх ухааны асуудлыг бүс нутагт хариуцаж ажилладаг. Монгол улсын хувьд ЮНЕСКО-гийн арван конвенцид нэгдсэн. Тав нь соёлын талын конвенц. Соёлоор дамжуулж бусад улстай харилцах, харилцаанд Монгол улс ямар ач холбогдол өгч байгаа нь үүнээс харагдаж байгаа юм.
1972 оны Дэлхийн өвийн конвенци гэж бий. Энэ конвенцид дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалж хамгаалах хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор гаргасан байдаг. Монгол улс таван өвийн газар нутгийг дэлхийн өвд бүртгүүлээд байгаа юм. Тухайлбал энэ онд манай улс Дагуурын ландшафтыг Дэлхийн өвийн жагсаалтад ОХУ-тай хамтран байгалийн өвөөр бүртгүүлж нийт таван өвийг дэлхийд таниулжээ.
Үзсэн: 1717
Tweet