Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Х.Баттулга: Энэ оны сүүлээр Европын холбооны ЭСЯ Монгол Улсад нээгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сиряла, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Марк Винк хоёр тал Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл дээр хамтран ажиллаж буйг дурдаад цаашид бизнесийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга соёл, кино урлагийн талаар хамтран ажиллах нь хоёр талын хувьд сонирхолтой сэдэв болохыг онцлоод Элчин сайдын ажилд амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзахдаа Монгол Улс социалист системтэй байх үеэс нээлттэй харилцаж ирсэн орны нэг нь Финланд болохыг дурдаад финландчуудын дунд түгэн дэлгэрсэн мөсний болон бөмбөгтэй хоккейн спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн модны аж ахуйг хөгжүүлэх, ойжуулах, моджуулах чиглэлд Финланд Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Элчин сайд Ярно Сиряла хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлээд Финланд нь уул уурхайг зүй зохистой хөгжүүлэх, ойжуулах талын арвин туршлагатай орон тул эдгээр туршлагаас монголчуудтай хуваалцахад таатай байх болно гэлээ. Түүнчлэн Токио-2020 зуны олимпийн бэлтгэлийг хоёр орны тамирчид хамтран хийх боломжийн талаар ярилцсан байна.
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифттэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Австри Улс нь ус цэвэршүүлэх, усны аж ахуйг хөгжүүлэх чиглэлд дэлхийд тэргүүлдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах талаар анхааралдаа авахыг хүслээ. Мөн хоёр тал дипломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа ч худалдаа, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж Санхүүгийн хамтын ажиллгаааны ерөнхий хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.
Үзсэн: 1357
Tweet